УИХ-ын гишүүн Ганзоригийн Тэмүүлэнг өнөөдөр буюу 2026 оны есдүгээр сарын 22-нд Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томиллоо. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд түүний томилгоог танилцуулж, гишүүдийн асуултад хариулсны дараа Г.Тэмүүлэн Засгийн газрын гишүүний тангараг өргөв. Тэрбээр 2016 оноос хойш УИХ-д гурван удаа сонгогдож, Төсвийн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороог даргалж байжээ.
Олон улсын харилцаа, удирдлагын чиглэлээр боловсрол эзэмшжээ
Г.Тэмүүлэн 2003 онд АНУ-ын American University-ийг олон улсын харилцааны бакалавр, 2005 онд тус сургуулийг олон улсын удирдлагын магистрын зэрэгтэй төгссөн, англи болон орос хэлтэй.
Тэрбээр ажлын гараагаа 2006 онд Ашигт малтмал, газрын тосны газрын Гэрээлэлтийн хэлтсийн мэргэжилтнээр эхлүүлж, 2007 онд ахлах мэргэжилтэн, 2008-2009 онд тус хэлтсийн даргаар ажиллажээ.
“Эрдэнэс Монгол”, “Оюутолгой”-д ажиллаж, Уул уурхайн дэд сайдаар томилогдож байв
2009-2014 онд төрийн өмчит “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэд захирал, 2013-2015 онд “Оюутолгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллажээ. Улмаар 2014-2015 онд Уул уурхайн яамны дэд сайдын албыг хашсан байна.
УИХ-д гурван удаа сонгогджээ
Г.Тэмүүлэн 2016 онд анх УИХ-ын гишүүнээр сонгогдож, 2020 болон 2024 оны сонгуулиар дахин сонгогдсон. Тэрбээр 2022-2024 онд УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргаар ажилласан бөгөөд 2024 оноос Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байв.
Г.Тэмүүлэнгийн ажилласан байдал
2006 он Ашигт малтмал, газрын тосны газрын Гэрээлэлтийн хэлтсийн мэргэжилтэн
2007 он Гэрээлэлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн
2008-2009 он Гэрээлэлтийн хэлтсийн дарга
2009-2014 он “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэд захирал
2013-2015 он “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн
2014-2015 он Уул уурхайн дэд сайд
2016-2020 он УИХ-ын гишүүн
2020-2024 он УИХ-ын гишүүн
2022-2024 он УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга
2024 оноос УИХ-ын гишүүн
2024-2026 он УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга
2026.09.22-ны өдөр Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдов.

