Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбоотойгоор оюутнуудын өдөр тутмын хэрэглээний зардал нэмэгдэж байна. Бид оюутнуудаас нэг өдөрт хэдэн төгрөг зарцуулдаг, орлогоо хэрхэн бүрдүүлдэг, сургалтын төлбөрөө хэрхэн төлдөг талаар тодрууллаа.
Сурвалжилгад хамрагдсан оюутнуудын нэг өдрийн зардал 6000-40000 төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Тэдний хувьд өдрийн зардлынхаа ихэнх хэсгийг хоол хүнсэндээ зарцуулдаг байна. Үүний дараа нийтийн тээвэр болон өдөр тутмын бусад хэрэгцээний зардалд мөнгө зарцуулдаг аж. Оюутнуудын орлогын эх үүсвэр харилцан адилгүй байна. Зарим нь өдөр тутмын хэрэглээгээ аав, ээжийнхээ санхүүгийн дэмжлэгээр хангадаг бол хичээлийнхээ хажуугаар ажил хийдэг оюутнуудын сарын орлого 1-3 сая төгрөгийн хооронд байна.
Мөн сургалтын төлбөрөө зарим оюутны аав, ээж бүрэн хариуцдаг бол зарим нь өөрсдөө ажил хийж, гэр бүлийнхэнтэйгээ хамтран төлдөг байна. Иймээс хичээл, ажил, хувийн хэрэглээгээ зэрэг зохицуулах шаардлага оюутнуудын өдөр тутмын амьдралд бий болжээ. Харин хичээлдээ зорчихдоо оюутнууд дийлэнх нь нийтийн тээврээр үйлчлүүлдэг байна. Ийнхүү оюутнуудын өдөр тутмын зардал, орлого болон сургалтын төлбөрөө төлөх боломж харилцан адилгүй байгаа бөгөөд зарим нь гэр бүлийн дэмжлэгт түшиглэдэг бол зарим нь хичээлийнхээ хажуугаар ажиллаж, сургалтын болон хувийн зардлаа өөрсдөө бүрдүүлж байна.

