УИХ дахь ХҮН намын зөвлөл өнөөдөр эрчим хүчний салбарын асуудлаар хуралдаж, энэ үеэр Эрчим хүчний сайд Б.Найдалаа Улаанбаатар хотын дулаан хангамж, ирэх өвлийн эрчим хүчний нөхцөл байдал болон цаашид хэрэгжүүлэх эх үүсвэрийн төслүүдийн талаар мэдээллээ.
Тэрбээр Улаанбаатар хот дулааны станцын дутагдалд орсон бөгөөд одоогийн нөхцөлд хорооллоор нь байтугай хоёр, гурван байшин шинээр барихад ч дулааны эх үүсвэрийн боломж хязгаарлагдмал болсон гэж хэлэв. Иймээс ирэх оны улсын төсөвт Дулааны V цахилгаан станц /ДЦС-5/ барих хөрөнгийг тусгахаар төлөвлөж байгаа аж.
Мөн дулааны эрчим хүчний дутагдлыг шийдвэрлэхийн тулд ДЦС-5, ДЦС-6, ДЦС-7-г барих шаардлагатайг онцоллоо.
Б.Найдалаа энэ өвөл дулааны эрчим хүч дутагдах төлөвтэй байгааг хэлээд, өнөөдөр ажиллаж байгаа дулааны цахилгаан станцууд байгаа хүчин чадлаасаа 50 хувиар илүү дулаан нийлүүлж, өндөр ачаалалтай ажиллаж байгааг мэдээлэв.
Ирэх өвөл 1956 МВт-ын оргил ачаалалтай байна
Түүнчлэн ирэх өвөл цахилгаан эрчим хүчний оргил ачаалал 1956 МВт хүрэх тооцоотой байгаа бол өнөөгийн нийт хүчин чадал 1930 МВт байна. Одоогоор 20 зуух засвартай байгаа бөгөөд дутагдаж буй эх үүсвэрийг БНХАУ-аас цахилгаан эрчим хүч импортлох замаар нөхөхөөр төлөвлөжээ.
Өвөлжилтийн бэлтгэл ажил дунджаар нийслэлийн хэмжээнд 79 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд шаардлагатай тохиолдолд БНХАУ-аас цахилгаан эрчим хүч импортлоход бэлэн болсон байна. Мөн ОХУ-аас авч буй эрчим хүчийг үргэлжлүүлэн импортлохоор ажиллаж байгаа гэв.
ДЦС-5-ын хүчин чадал 300 МВт байна
ДЦС-5 төслийг Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт, ДЦС-2-ын үнсэн талбайд барихаар төлөвлөсөн. Тус станц нь 300 МВт цахилгаан, 340 Гкал/цаг дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд ашиглалтад орсноор 100 мянга хүртэлх айл өрхийг цахилгаанаар, 40 мянга гаруй айл өрхийг дулаанаар хангах боломжтой.
Төслийн бүтээн байгуулалт 2026 оны Тавдугаар сард эхэлсэн бөгөөд 2028 онд бүрэн дуусгаж, ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Нийт хөрөнгө оруулалт нь 658.6 сая ам.доллар бөгөөд төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар хэрэгжүүлж байгаа юм.

