Gerelnews
Post

Нийгэм

2026, 11-р сар 05}

38 мазаалайд 3.6 тонн нэмэлт тэжээл байршуулжээ

Л.АззаяаЛ.Аззаяа

Монголын говьд л амьдардаг нэн ховор мазаалай баавгайд зориулан энэ намар 3.6 тонн нэмэлт тэжээл байршуулжээ. Говийн их дархан цаазат газрын А хэсгийн хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид таван өдрийн турш 1,250 км зам туулж, нийт 38 мазаалайд зориулсан тэжээлийг бэлтгэсэн байна.


Мазаалай тусгай найрлагатай нэмэлт тэжээл хэрэглэдэг

Энгийн малын тэжээлээс ялгаатай нь мазаалайд зориулсан нэмэлт тэжээлийг тусгай найрлагаар бэлтгэдэг аж. Тодруулбал, багсармал болон шахмал гэсэн хоёр төрөлтэй бөгөөд эрдэнэ шиш, овъёос, шар буурцаг, шар тос, яс зэрэг бүтээгдэхүүнээр хийдэг байна. Найрлагынх нь 20 орчим хувийг уураг эзэлдэг ажээ. Энэхүү тусгай зориулалтын тэжээлийг өнгөрсөн оноос үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд мазаалайн идэш тэжээлийн хэрэгцээнд нийцүүлэн бэлтгэдэг байна.

Мазаалай нь говь цөлийн эрс тэс уур амьсгалд амьдардаг бөгөөд ус, идэш тэжээлийн хомсдол нь тоо толгой, үржил төлжилтөд нь нөлөөлдөг гол хүчин зүйлсийн нэг юм. Судалгаагаар мазаалайн идэш тэжээлд ургамлын гаралтай 33 зүйл, амьтны гаралтай 18 зүйл тэжээл улирлаас хамааран оролцдог байна.

Тиймээс зөвхөн нэмэлт тэжээл байрлуулах бус, байгалийн усны эх үүсвэр, амьдрах орчныг хамгаалах нь мазаалайн популяцийг тогтвортой хадгалахад чухал ач холбогдолтой.

Энэ удаагийн ажилд байгаль хамгаалагчид таван өдрийн хугацаанд нийт 1,250 км зам туулж, 38 мазаалайд зориулан 3.6 тонн нэмэлт тэжээлийг тэжээлийн цэгүүдэд байршуулжээ. Энэ удаагийн ажилд хоёр автомашины шатахууны зардлыг MAZA Coffee компани хариуцан дэмжлэг үзүүлсэн байна.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!