С.Амарсайханыг чөлөөлсний дараа ХЗДХ-ийн сайдын үүргийг Б.Энхбаярт хариуцуулах асуудал яригдаж байна.
Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр /2026.09.16/ Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, тус яамны харьяа байгууллагын дээд, дунд шатны зарим удирдлагыг мөн ажлаас нь чөлөөлж буйгаа мэдэгдсэн.
Тэрбээр Засгийн газрын хуралдааны үеэр Хууль зүй, дотоод хэргийн салбарт үүссэн нөхцөл байдал нь улсын дотоод аюулгүй байдлыг хангах чиг үүрэгтэй байгууллагуудын хэвийн үйл ажиллагаа болон олон нийтийн итгэлд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрсэн гэж үзэж буйгаа илэрхийлжээ.
Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын генерал А.Намсаманд ХЗДХ-ийн сайдтай холбоотой томилгоо, дарамт шахалтын талаар мэдээлсэн үйл явдлын дараах шийдвэр болж байна. Харин С.Амарсайхан өчигдөр мэдээлэл хийхдээ А.Намсамандтай холбоотой хэд хэдэн асуудлыг хөндөж, тухайлбал хоригдлуудаар байшин бариулсан, 408 сая төгрөгийг зориулалтын бусаар зарцуулсан, Зайсанд нэг өрөө байр авсан гэх асуудлыг дурдсан юм.
С.Амарсайханыг чөлөөлсөнтэй холбоотойгоор дараагийн сайд томилогдох хүртэл ХЗДХ-ийн сайдын үүргийг хэн хариуцах асуудал гарч байна.
Засгийн газрын тухай хуулийн 21.7-д Засгийн газрын орон гарсан гишүүнийг нөхөн томилох хүртэл Ерөнхий сайд Засгийн газрын нэг гишүүнд тухайн үүргийг хуваарилан хариуцуулж болно гэж заасан байдаг. Үүнтэй холбоотойгоор одоогоор Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдын үүргийг түр орлон гүйцэтгүүлэх асуудал улс төрийн хүрээнд яригдаж байна.

