Gerelnews
Post

Улс төр

2026, 9-р сар 15}

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан Г.Занданшатар, А.Намсаманд нартай холбоотой орд, 800 гаруй сая төгрөг, 408 саяын асуудлыг дэлгэв

Л.АззаяаЛ.Аззаяа

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан Г.Занданшатар, ШШГЕГ-ын дарга А.Намсаманд нартай холбоотой орд ашиглалт, төсвийн мөнгө, хоригдлын хөдөлмөртэй холбоотой асуудлуудыг дэлгэлээ.


Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх үеэрээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын /ШШГЕГ/ дарга, бригадын генерал А.Намсамандтай холбоотой хэд хэдэн асуудлыг дэлгэлээ.

Түүний хэлснээр, Хөвсгөл аймагт “Нүүрстэйн ам”, “Авдрант хайрхан” гэх нэртэй байгалийн баялгийн нөөц бүхий газрууд байдаг бөгөөд тухайн үеийн Ерөнхий сайд Г.Занданшатар ШШГЕГ-ын дарга А.Намсамандтай хамтран эдгээр газрыг ашиглахаар тохиролцсон байна.

С.Амарсайхан:

“Г.Занданшатар Ерөнхий сайд байхдаа А.Намсамандтай хамтарч энэ газруудыг ашиглахаар тохирсон. Эндээ намайг хамтарч ажиллаач гэсэн санал тавьж орж ирээд, надаар загнуулаад гарч байсан. Албан бичиг нь энэ байна” хэмээн ярив.

ШШГЕГ-ын харьяанд орд байдаг гэх мэдэгдэл

ШШГЕГ-тэй холбоотой байгалийн баялгийн асуудал өмнө нь ч төрийн баримт бичгүүдэд гарч байжээ. Тухайлбал, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын “Нүүрстэйн ам” нэртэй уурхайн талбай ШШГЕГ-ын харьяанд байсан бөгөөд 2018 оны Засгийн газрын 304 дүгээр тогтоолоор уг талбайн ашиглалтын тусгай зөвшөөрлийг АМГТГ-т буцаан өгөхөөр шийдвэрлэсэн байна.

Хоригдлуудаар барилга бариулж, 408 сая төгрөг зарцуулсан гэх асуудлыг хөндлөө

Мөн С.Амарсайхан ШШГЕГ-ын дарга А.Намсамандтай холбоотой санхүүгийн асуудлыг хөндөж, хоригдлуудаар барилга бариулан, 408 сая төгрөгийг зориулалтын бусаар зарцуулж, Зайсан орчимд нэг өрөө байр авсан гэх мэдээллийг дэлгэлээ.

Түүний хэлснээр, ШШГЕГ-ын харьяа хорих ангиудад ял эдэлж буй иргэдийг ашиглан барилга байгууламж бариулдаг бөгөөд үүнтэй холбоотой мөнгөн хөрөнгийн зарцуулалтад асуудал бий гэж үзэж байгаа аж.

Мөн А.Намсаманд алба хаагчдынхаа нэр дээр төсвөөс мөнгө гаргуулан авдаг гэх гомдол ирсэн талаар С.Амарсайхан мэдээлсэн байна. Тодруулбал, нэг алба хаагчийн нэр дээр 10-20 сая төгрөгийн санхүүжилт гаргуулж, тухайн ажилтанд 3-4 сая төгрөг өгөөд, үлдсэн мөнгийг өөрөө авдаг гэх мэдээлэл ирсэн бөгөөд нийт дүн нь 800 гаруй сая төгрөгт хүрсэн гэж мэдэгдэв.

А.Намсаманд өчигдөр С.Амарсайханыг буруутгасан

Энэ асуудлын өмнөх өдөр буюу Есдүгээр сарын 14-нд ШШГЕГ-ын дарга А.Намсаманд хэвлэлийн хурал хийхдээ өөрийнх нь албан тушаалтай холбоотой томилгоонд С.Амарсайхан хөндлөнгөөс оролцож, шаардлага хангахгүй хүмүүсийг албан тушаалд томилох шахалт үзүүлсэн гэж мэдэгдсэн.

Тэрбээр сайдын жолоочийн эхнэр болон төрсөн дүүг албан тушаалд томилох үүрэг өгсөн, шаардлагыг биелүүлэхгүй бол өөрийг нь ажлаас чөлөөлөхөөр сүрдүүлдэг байсан гэх агуулгатай мэдээлэл өгсөн юм.

Харин С.Амарсайхан өнөөдөр үүнийг няцаахын зэрэгцээ А.Намсаманд өөрийнх нь эсрэг улс төрийн зорилготой үйл ажиллагаанд оролцож байна гэж үзэж буйгаа илэрхийлж, ШШГЕГ-ын даргатай холбоотой санхүү, хөрөнгө, хорих байгууллагын үйл ажиллагаа болон байгалийн баялгийн ашиглалттай холбоотой асуудлуудыг олон нийтэд дэлгэлээ.

Ингэснээр С.Амарсайхан болон А.Намсамандын хоорондын маргаан томилгооны асуудлаас давж, ШШГЕГ-ын төсөв, хөдөлмөрийн мөлжлөг, хөрөнгө ашиглалт болон орд газрын асуудлыг хамарсан улс төрийн шинжтэй маргаан болон өргөжөөд байна.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!