Л.Энх-Амгалан “Монголын төрийг харлуулж, хагалж байгаа бүлэглэл байна. Тэр бүлэглэлийн гар хөл болсон Түгжилмаа бол УИХ-ын гишүүн А.Ариунзаяа болон түүний нөхөд” хэмээн байр сууриа илэрхийлжээ.
Боловсролын сайд Л.Энх-Амгалан өнөөдөр мэдээлэл хийх үеэрээ УИХ-ын гишүүн А.Ариунзаяа болон түүний нөхдийг “Монгол төрийн Түгжилмаа” хэмээн нэрлэж, төсвийн тодотголтой холбоотой мэдээллийг зориудаар олон нийтэд буруу ойлгуулсан гэж буруутгалаа.
Тодруулбал, 2026 оны төсвийн тодотголд “Гэрт ойрхон сургууль – Хамгийн сайн сургууль” арга хэмжээнд 50 тэрбум төгрөг тусгасан. Үүний задаргаанд 13.9 тэрбум төгрөгийг түрээс, тоног төхөөрөмжийн нөхөн төлбөрт, 18.7 тэрбумыг бага ангийн шинэчилсэн хөтөлбөрт, 15 тэрбумыг төрөлжсөн ахлах сургуульд, 2.4 тэрбумыг хувийн сургуулийн сул орон зай ашиглахад зарцуулахаар тусгасан гэх мэдээлэл гарсан байна.
Харин уг задаргаатай холбоотойгоор Ерөнхий сайд Н.Учралын хамаарал бүхий “Их засаг кинг” сургуульд 3.5 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор тусгасан гэх асуудал олон нийтийн анхаарлыг татсан юм.
Үүнийг Боловсролын сайд Л.Энх-Амгалан үгүйсгэж, олон нийтэд тарсан Excel файл нь төсвийн албан ёсны баримт биш гэж мэдэгдэв. Мөн уг мэдээллийг зориудаар тараасан гэх үндэслэлээр А.Ариунзаяа болон УИХ-ын гишүүн О.Саранчулууныг буруутгасан байна.
Харин УИХ-ын гишүүн А.Ариунзаяа уг мэдэгдлийн хариуд Л.Энх-Амгалангийн хэлсэн үгийг эсэргүүцэж, асуудлыг шалгуулахад бэлэн гэдгээ илэрхийлсэн байна. Тэрээр энэ асуудлаар холбогдох ёс зүйн байгууллагад хандах байр суурь илэрхийлжээ.
Ийнхүү 50 тэрбум төгрөгийн төсөвтэй “Гэрт ойрхон сургууль – Хамгийн сайн сургууль” хөтөлбөрийн задаргаатай холбоотой маргаан эрх баригчдын доторх улс төрийн зөрчил болон хурцдаж байна.

