Цалингийн нэмэгдэлийг 2026 оны Арваннэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.
2026 оны Төсвийн тодотголоор Засгийн газар иргэдийн орлогын баталгааг хангах бодлогын хүрээнд төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэхэд 844.6 тэрбум төгрөг зарцуулахаар тусгажээ.
Уг санхүүжилтийн 674.5 тэрбум төгрөгийг боловсролын салбарын дутагдсан цалингийн зардлыг нөхөхөд, 90 тэрбум төгрөгийг эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг нэмэгдүүлэхэд, 80.1 тэрбум төгрөгийг соёл, спорт, шинжлэх ухааны болон бусад төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинд зарцуулахаар тооцсон байна.
Тодруулбал, эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг 20 хувиар, соёл, спорт болон бусад төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг 50 хувиар, шинжлэх ухааны салбарын цалинг 35 хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөсөн.
Засгийн газар төсвийн тодотгол боловсруулахдаа нийт 1.44 их наяд төгрөгийн зардлыг хэмнэж, уг эх үүсвэрийг иргэдийн орлогыг хамгаалах болон нэн шаардлагатай салбаруудын санхүүжилтэд чиглүүлэхээр төлөвлөжээ.
Ерөнхий сайд Н.Учрал төсвийн тодотголыг танилцуулахдаа төрийн зардлыг танаж, үүссэн эх үүсвэрийг иргэдийн орлогыг хамгаалах, цалин нэмэх болон үнийн өсөлтийн дарамтыг бууруулахад чиглүүлж буйг онцолсон юм.
Ингэснээр төсвийн тодотголын хүрээнд төрийн албан хаагчдын цалинг нэмэхээс гадна эрчим хүч, хүнсний нөөц зэрэг иргэдийн өдөр тутмын амьжиргаанд шууд нөлөөлөх чиглэлүүдэд нэмэлт санхүүжилт олгохоор болж байна.

