Gerelnews
Post

Улс төр

2026, 9-р сар 14}

Оюу толгойн гэрээнд 17 жилийн дараа анхны томоохон өөрчлөлт оруулахаар боллоо

Л.АззаяаЛ.Аззаяа

Хэлэлцээний үр дүнд урьдчилсан тооцоогоор “Оюу толгой” ХХК-ийн менежментийн зардал 8.4 тэрбум ам.доллар буюу 30 орчим их наяд төгрөгөөр буурах нөхцөл бүрдсэн байна. Үүний зэрэгцээ уурхайн ашиглалтын нийт хугацаанд Монголын талын өгөөж 4 орчим тэрбум ам.доллар буюу 13 их наяд төгрөгөөр нэмэгдэхээр тооцоолжээ.


Монгол Улсын Засгийн газар “Оюу толгой” төслийн Монголын талын өгөөжийг нэмэгдүүлэх, зардлыг бууруулах чиглэлээр “Рио Тинто” групптэй хийсэн удаан хугацааны хэлэлцээг эцэслэн тохирч, холбогдох гэрээ, баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа.

Ингэснээр 2011 онд байгуулсан Хувь нийлүүлэгчдийн гэрээнд 17 жилийн дараа анхны томоохон өөрчлөлт оруулах нөхцөл бүрдэж байна. Мөн “Оюу толгой” төслийн ногдол ашгийг Монголын талд 2027 онд хуваарилахаар тохиролцжээ.

Талууд менежментийн үйлчилгээний зардлыг бууруулахаас гадна хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах талаар тохиролцсон байна. Эдгээр тохиролцоог өнөөдөр албажуулж, холбогдох гэрээ, баримт бичгүүдэд гарын үсэг зуржээ. Ерөнхий сайд Н.Учрал “Оюу толгой” төслийн Монголын талын өгөөжийг нэмэгдүүлэх өөрчлөлт 17 жилийн дараа Хувь нийлүүлэгчдийн гэрээнд орж байгааг мэдээлсэн байна.

Мөн “Оюу толгой” ХХК-ийн зүгээс Монгол Улсын Засгийн газар болон “Рио Тинто” компанийн харилцан итгэлцэл, нээлттэй хэлэлцээ, хамтын ажиллагааны үр дүнд дээрх тохиролцоог албажуулсан гэж мэдээлжээ. Ийнхүү талуудын эцсийн тохиролцоогоор төслийн зардлыг бууруулж, Монголын талын хүртэх нийт өгөөжийг нэмэгдүүлэхээс гадна ногдол ашгийг 2027 онд хуваарилах чиглэлд тодорхой тохиролцоонд хүрлээ.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!