Gerelnews
Post

Нийгэм

2026, 9-р сар 11}

Б.Пүрэвдагва: Нийслэлд 84 сургууль нэмж байгуулна

С.СумхүүС.Сумхүү

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцуулах үеэр нийслэлийн боловсролын салбарын хүртээмж, сургуулийн хүрэлцээний асуудлыг хөндлөө. Тэрбээр түгжрэлийг бууруулахын тулд хүүхдүүдийг гэрт нь ойр сургуульд суралцуулах шаардлагатай байгааг хэлж, нийслэлд нийт 84 сургууль шинээр байгуулахаар төлөвлөж буйг мэдээлэв.


Нийслэлийн хүн амын өсөлт, сургуулийн насны хүүхдийн тоо нэмэгдэх хандлагатай холбоотойгоор 2030 он хүртэл Улаанбаатар хотод 84 сургууль шинээр шаардлагатай гэж тооцоолжээ. Одоогоор нийслэлийн хэмжээнд төрийн болон хувийн хэвшлийн 340 ерөнхий боловсролын сургуульд 422 мянга орчим сурагч суралцаж байна. Иймээс сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлж, хүүхдийг гэр, ажил, амьдрах орчинд нь ойр сургуульд суралцуулах чиглэлийг баримталж байгаа аж.

21 бага сургуулиар 8700 гаруй хүүхдийг хамруулна 

84 сургуулийн хүрээнд “гэрт ойрхон сургууль” буюу хотхоны 21 бага сургууль байгуулахаар төлөвлөжээ. Эдгээр 21 бага сургууль нь нийт 8700 гаруй хүүхэд хүлээн авах боломжтой гэж мэдээлсэн байна. Ингэснээр хүүхдүүд заавал хотын төв болон гэрээсээ хол бүс рүү зорчихгүйгээр өөрийн амьдарч буй орчиндоо ойр сургуульд суралцах боломж нэмэгдэх юм.

44 сургуулийг олон улсын байгууллагын санхүүжилтээр шийдвэрлэх боломжтой болжээ 

Шинээр байгуулах 84 сургуулийн тодорхой хэсгийн санхүүжилтийг олон улсын байгууллагуудын эх үүсвэрээр шийдвэрлэхээр төлөвлөжээ. Тодруулбал, 33 сургуулийг Дэлхийн банкны, 11 сургуулийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлэх боломж бүрдсэн талаар мэдээлсэн байна.

Сургууль, цэцэрлэгийн байршлыг түгжрэлтэй уялдуулна 

Хотын удирдлагын зүгээс цаашид сургууль, цэцэрлэгийг зөвхөн барилгын хэрэгцээгээр бус хүн амын төвлөрөл, хүүхдийн зорчилт, замын хөдөлгөөний ачаалалтай уялдуулан төлөвлөх шаардлагатай гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл “гэрээсээ сургууль хүртэл” хүүхэд, эцэг эхийн өдөр бүр хийдэг зорчилтыг багасгах нь хотын түгжрэлийг бууруулах нэг хэсэг болох юм. Энэ хүрээнд нийтийн тээврийн чиглэлийг нэмэгдүүлэх, автобусны буудлын хүртээмжийг сайжруулах зэрэг арга хэмжээтэй сургуулийн байршлын төлөвлөлтийг уялдуулахаар төлөвлөжээ.

 


Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!