Жил бүрийн зургаадугаар сарын 12-ны өдрийг Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас (ОУХБ) “Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөр” болгон тэмдэглэдэг. Энэхүү өдөр нь хүүхдийн хөдөлмөрийг устгах, хүүхэд бүрийн сурч боловсрох, аюулгүй орчинд өсөж хөгжих эрхийг хангахын чухлыг олон нийтэд таниулах зорилготой юм.
Монгол Улсад хүүхдийн эрх, хамгааллыг бэхжүүлэх чиглэлээр төрийн болон олон улсын байгууллагууд хамтран ажиллаж байна.
Энэ хүрээнд Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар хүүхдийн хөдөлмөр, хүчирхийлэл, мөлжлөгөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрхийг хамгаалах үйл ажиллагааг тогтмол хэрэгжүүлж байгаа юм.
Сүүлийн жилүүдийн судалгаагаар Монгол Улсад 150 мянга гаруй хүүхэд хөдөлмөр эрхэлж байгаагаас 58 мянга орчим нь эрүүл мэнд, аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй буюу тэвчишгүй нөхцөлд хөдөлмөр эрхэлж байгаа талаар мэдээлэгдсэн байна.
Хүүхдийн хөдөлмөр нь хүүхдийн боловсрол эзэмших боломжийг хязгаарлах, бие бялдар, сэтгэл зүйн хөгжилд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байдаг. Иймд эцэг эх, асран хамгаалагчид, ажил олгогчид болон олон нийт хүүхдийн эрхийг дээдлэн, хүүхдийн хөдөлмөрийн аливаа хэлбэрээс урьдчилан сэргийлэхэд хамтран ажиллах шаардлагатай байна.
Хүүхэд бүр аюулгүй орчинд өсөж хөгжих, сурч боловсрох, амарч тоглох эрхтэй. Хүүхдийн хөдөлмөрийг таслан зогсоох нь зөвхөн төрийн байгууллагын бус нийгмийн бүх талын оролцоо, хариуцлагаас хамаарах асуудал юм.

