Gerelnews
Post

Нийгэм

2026, 6-р сар 11}

Нийгмийн эрүүл мэндийн сэтгүүлчдийг нэгтгэсэн мэргэжлийн клуб байгуулагдлаа

AdminAdmin

Нийгмийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, эрүүл мэндийн талаарх нотолгоонд суурилсан мэдээллийг олон нийтэд түгээх, салбарын сэтгүүлчдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой “Монголын Нийгмийн эрүүл мэндийн сэтгүүлчдийн клуб” албан ёсоор байгуулагдаж, үйл ажиллагааныхаа нээлтийг хийлээ.


Тус клуб нь нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр ажиллаж буй сэтгүүлчдийг нэгтгэх, эрүүл мэндийн асуудлыг олон нийтэд шинжлэх ухаан, нотолгоонд суурилан хүргэх, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой юм.

Нээлтийн үеэр тус клубийн тэргүүн, сэтгүүлч С.Сумхүү "Нийгмийн эрүүл мэнд гэдэг нь зөвхөн өвчнийг эмчлэх бус, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрүүл аж төрөх дадал хэвшлийг төлөвшүүлэх, хүн амын эрүүл мэндийг хамгаалахад чиглэдэг" болохыг онцоллоо. Тэрээр эрүүл мэндийн талаарх үнэн зөв, баталгаатай мэдээллийг олон нийтэд хүргэхэд сэтгүүлчдийн үүрэг оролцоо улам бүр нэмэгдэж байгааг тэмдэглэв.

Тус клубийн Удирдах зөвлөлийн дарга, сэтгүүлч Э.Энхжаргал эрүүл мэндийн чиглэлээр төрөлжсөн сэтгүүл зүйн хэрэгцээ өсөн нэмэгдэж буйг онцолж, эрүүл мэндийн салбар болон хэвлэл мэдээллийн байгууллагуудын хамтын ажиллагаа бэхжсэнээр олон нийтэд хүрэх мэдээллийн чанар, үр нөлөө сайжрах боломжтойг дурдсан юм.

Арга хэмжээнд Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, О.Номинчимэг, НИТХ-ын төлөөлөгч Баяр, төслийн зөвлөх Н.Эрдэнэхүү болон нийгмийн эрүүл мэндээр мэргэших зорилготой сэтгүүлчид болон эрүүл мэнд байгуулагуудын хэвлэл мэдээллийн салбарын төлөөллүүд оролцлоо. 

Тэд Нийгмийн эрүүл мэндийн сэтгүүлчдийн клуб байгуулагдсанд баяр хүргэж, үйл ажиллагаанд нь амжилт хүсэхийн зэрэгцээ салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, иргэдэд хүрэх нийгмийн эрүүл мэндийн мэдээллийн чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр санал зөвлөмжөө хуваалцав.

Оролцогчид өнөөгийн мэдээллийн орчинд эрүүл нийгмийн мэндийн талаарх баталгаагүй, ташаа мэдээлэл түгээмэл байгаа нь иргэдийн эрүүл мэндэд эрсдэл учруулж байгааг онцолж, энэ нөхцөлд эрүүл мэндийн асуудлаар мэргэшсэн сэтгүүлчдийн хамтын ажиллагаа, мэргэжлийн сүлжээ чухал ач холбогдолтой болохыг тэмдэглэлээ.

Цаашид тус клуб нь сэтгүүлчдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх сургалт, хэлэлцүүлэг, туршлага солилцох уулзалтуудыг тогтмол зохион байгуулахын зэрэгцээ нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр нөлөөллийн аян, олон нийтийн кампанит ажил, акц өрнүүлж ажиллах аж.

Мөн нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлуудаар олон нийтийн анхаарлыг хандуулах, бодлого боловсруулагчдад иргэдийн дуу хоолойг хүргэх, хариуцлагатай сэтгүүл зүйг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах юм. Нийгмийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, баталгаатай мэдээллийг түгээх үйлсэд сэтгүүлчдийн оролцоо, манлайллыг нэмэгдүүлэх зорилготой “Монголын Нийгмийн эрүүл мэндийн сэтгүүлчдийн клуб” ийнхүү үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүллээ.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!