Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны (КАРЕК) хөтөлбөрийн Удирдах албан тушаалтнуудын уулзалт 2026 оны 06 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна.
.jpg)
Уулзалтыг нээж Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн хэлсэн үгэндээ Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрийг Монгол Улс энэ жил даргалж буйг онцлоод, Монгол Улсад хүрэлцэн ирсэн гишүүн орнуудын төлөөлөгчид, Азийн хөгжлийн банк болон бусад хөгжлийн түнш байгууллагуудад талархал илэрхийлэв.


Мөн тэрбээр “Дэлхий дахинд геополитик, гео-эдийн засгийн хурдацтай өөрчлөлтийн энэхүү цаг үед КАРЕК хөтөлбөр нь үүсээд буй нөхцөл байдал, гишүүн орнуудын хэрэгцээ шаардлагад нийцсэн, үр дүнтэй төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, бүс нутгийн коридор холболт, худалдаа, эрчим хүч болон эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд чухал хувь нэмэр оруулсаар ирлээ. Мөн Монгол Улс 2003 онд КАРЕК хөтөлбөрт нэгдэн орсноос хойш Азийн хөгжлийн банк болон бусад хөгжлийн түншүүдтэй хамтран зам тээвэр, эрчим хүч, худалдааг хөнгөвчлөх, боомтын даацыг нэмэгдүүлэх зэрэг чиглэлээр томоохон төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж байна. Цаашид бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд хамтран ажиллана” гэдгийг онцлон тэмдэглэв.

