Gerelnews
Post

Нийгэм

2026, 11-р сар 16}

Э.Энхдэлгэрэх “MISS UNIVERSE MONGOLIA 2026” тэмцээний зохион байгуулагчдыг шүүхэд өгөхөөр болжээ

Л.АззаяаЛ.Аззаяа

Э.Энхдэлгэрэх энэ оны Есдүгээр сард болсон “Miss Universe Mongolia 2026” үндэсний тэмцээнд түрүүлж, Монгол Улсаа төлөөлөн Пуэрто Рико улсад зохион байгуулагдах олон улсын тэмцээнд оролцох эрх авсан юм. Тус тэмцээн нь “Miss Universe”-ийн 75 дахь удаагийн шалгаруулалт бөгөөд энэ сарын 24-нд зохион байгуулагдахаар товлогджээ.


Гэвч Арваннэгдүгээр сарын 6-нд зохион байгуулагчид түүний оролцох эрхийг цуцалж, үндэсний тэмцээний дэд байрын шагналт О.Намуунааг оролцуулахаар шийдвэрлэсэн байна. Э.Энхдэлгэрэхийн тайлбарласнаар тэрбээр олон улсын тэмцээний бэлтгэлээ хангаж байсан бөгөөд нислэгийнх нь өмнөх өдөр гэрээг цуцалсан тухай мэдэгдэл хүлээн авчээ. Улмаар уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлж, хуулийн багтай хамтран шүүхэд хандахаар болсон байна.

Харин зохион байгуулагчдын зүгээс түүнийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж тайлбарлажээ. Тодруулбал, олон улсын тэмцээнд оролцоход шаардлагатай баримт бичгээ хугацаанд нь бүрдүүлээгүй, бэлтгэл ажилд оролцож буй багтайгаа мэдээлэл солилцох, хамтран ажиллах үүргээ хангалттай биелүүлээгүй гэж мэдэгдсэн байна.

Мөн тэд Э.Энхдэлгэрэхтэй Инстаграм, Ватсап болон утсаар холбогдохыг удаа дараа оролдсон ч хариу аваагүй, урьдчилан анхааруулсан боловч тайлбар ирүүлээгүй гэжээ. Үүний дараа олон улсын “Miss Universe” байгууллагад нөхцөл байдлыг танилцуулж, О.Намуунааг Монгол Улсыг төлөөлөн оролцуулах зөвшөөрөл авсан хэмээн тайлбарласан.

Ийнхүү Э.Энхдэлгэрэх шүүхэд хандахаа мэдэгдсэн бол зохион байгуулагчдын зүгээс гэрээний үүрэг зөрчигдсөн гэх байр сууриа илэрхийлээд байна.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!