Хотын дарга асан Х.Нямбаатар Тавантолгой–Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой авлигын асуудлыг хөндөж, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг 10 сая ам.доллар авсан хэмээн буруутгасан нь хоёр талын маргаан үүсгэлээ. Үүний хариуд Д.Мөнх-Эрдэнэ өөрийг нь ямар ч баримтгүйгээр гүтгэсэн гэж үзэж, Х.Нямбаатарыг мэдэгдлээ нотлох баримтаа олон нийтэд ил болгохыг шаардлаа.
Х.Нямбаатар Арваннэгдүгээр сарын 14-нд хийсэн шууд дамжуулалтаараа Тавантолгой–Гашуунсухайт чиглэлийн 203 км төмөр замын бүтээн байгуулалтын гэрээ, санхүүжилт болон гүйцэтгэгч “Бодь Интернэшнл” компанитай холбоотой асуудлыг хөндсөн юм.
Тэрбээр уг төслийг 2019 онд анхны техник, эдийн засгийн үндэслэлээр 1.068 тэрбум ам.долларын өртгөөр шууд гэрээ байгуулан хэрэгжүүлэхээр болсон бөгөөд дараа нь нэмэлт гэрээгээр төсөвт өртөг нь нэмэгдсэн гэж тайлбарлав. Мөн төмөр замын бүтээн байгуулалтад зориулж “Эрдэнэс Тавантолгой” компаниас “Бодь Интернэшнл”-д 110 сая ам.доллартай тэнцэх 286 тэрбум төгрөгийн урьдчилгаа шилжүүлсэн, уг мөнгөний зарцуулалт болон санхүүгийн урсгалтай холбоотой асуудлыг хөндсөн байна.
Х.Нямбаатарын танилцуулсан мэдээлэлд улс төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүсийн нэрс, авлигын мөнгө дамжуулсан гэх гэрчийн мэдүүлэг, санхүүгийн гүйлгээтэй холбоотой баримтууд багтжээ. Тэрээр эдгээр мэдээллийн хүрээнд Д.Мөнх-Эрдэнийг 10 сая ам.доллар авсан гэж буруутгасан юм.
Харин Д.Мөнх-Эрдэнэ уг мэдээллийг няцааж, өөрийг нь буруутгаж байгаа бол нотлох баримтаа гаргаж тавихыг Х.Нямбаатараас шаардлаа.
Тэрбээр өмнө нь Х.Нямбаатарын талаар байр сууриа илэрхийлж байгаагүй бөгөөд түүнд холбогдох хэргүүдийн материалыг үзээгүй учраас гэм буруутай эсэхийг шүүх тогтоох ёстой гэж үздэг байсан гэдгээ хэлсэн байна. Гэвч өөрийг нь 10 сая ам.доллар авсан гэж нэрлэсэнд шүүмжлэлтэй хандаж, “Нэг ч нотлох баримт хараагүй, нягтлан шалгаагүй байж нотлох баримт гэж зураг эвлүүлэн, чавганцын яриа багцаагаар ярьдаг хуульч гэж хаана ч байхгүй” хэмээн мэдэгдэв.
Түүнчлэн Д.Мөнх-Эрдэнэ Х.Нямбаатарыг төмөр замын төсөл хэрэгжиж байсан 2020-2023 онд Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байсныг сануулсан юм. Мөн Х.Нямбаатар 2023 оны аравдугаар сард нийслэлийн Засаг даргаар томилогдсоныхоо дараа “Бодь” компанитай нийтэд ил байгаа мэдээллээр 500 орчим тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан гэж шүүмжилжээ. Түүнчлэн тус компанийн захирлын дэргэд ажиллаж байсан Т.Даваадалайг нийслэлийн ИТХ-д нэр дэвшүүлж, өөрийн орлогчоор томилсон асуудлыг хөндлөө.
Д.Мөнх-Эрдэнэ энэ асуудлаар Х.Нямбаатараас “Яриад байгаа зүйлээ баримтаар нотол” хэмээн шаардаж, Монголд ирж, өөрт нь холбогдуулан шалгаж буй асуудлаар хуулийн байгууллагад тайлбар өгөхийг уриалсан юм.
Тэрбээр өөрийнхөө тухайд 2019-2021 онд хувийн хэвшил болон их сургуульд ажиллаж байхдаа төрийн авлигын асуудлыг хөндөж, 2020 оны сонгуульд “Авлигын хана хэрмийг нураая” уриатайгаар нэр дэвшиж байсан гэдгээ мөн онцолсон. Мөн Х.Нямбаатарын өөрийнх нь нийслэлийн Засаг даргаар ажиллаж байхдаа байгуулсан гэрээнүүд болон тухайн үед хамтран ажиллаж байсан хүмүүсийн асуудлыг ч орхигдуулж болохгүй гэсэн байр суурь илэрхийлжээ.
Мэдэгдлийнхээ төгсгөлд Д.Мөнх-Эрдэнэ Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад хандан авлигын хэргүүдийн шийдвэрлэлтийг эрчимжүүлэхийг уриалж, “Авлигачдын нуруу тэнийж, ард түмний нуруу бөхийлөө” хэмээн шүүмжиллээ.
Тэрбээр авлига, албан тушаалын хэргүүдийг хэн хаацайлж байгааг тодруулж, шалгалтын ажиллагааг удаашруулсан гэх асуудалд анхаарал хандуулахыг шаардсан юм.