БНХАУ-ын Бээжин хотод болсон Тусгай олимпын хөлбөмбөгийн Зүүн Азийн бүсийн тэмцээнд Монголын эмэгтэй баг долоон тоглолтдоо нэг ч хожигдол хүлээлгүй, алтан медаль, аваргын цом хүртжээ. Зургаан сарын турш хамтдаа бэлтгэл хийсэн манай тамирчид таван улс, бүс нутгийн 300 гаруй тамирчин өрсөлдсөн тэмцээнд амжилт гаргаж, Монгол Улсын төрийн дууллыг эгшиглүүллээ.
Аравдугаар сарын 29-нөөс арваннэгдүгээр сарын 3-ны өдрүүдэд зохион байгуулсан тэмцээнд эрэгтэй 17, эмэгтэй 16 баг оролцжээ. Монголын эмэгтэй баг эхний тоглолтдоо Бээжингийн багийг 7:0, дараагийн тоглолтод Тайванийн багийг 5:1, БНХАУ-ын Жянши мужийн багийг 7:2 харьцаагаар хожсон байна. Улмаар ялалтын цувралаа үргэлжлүүлж, нийт долоон тоглолтоос долоон хожил байгуулснаар “Хамтарсан хөлбөмбөг” төрлийн тэргүүн байрт шалгарчээ.
Тусгай олимпын “Хамтарсан хөлбөмбөг” нь оюуны хөгжлийн бэрхшээлтэй болон хөгжлийн бэрхшээлгүй тамирчид нэг баг болж, ижил зорилгын төлөө хамтран тоглодог онцлогтой. ОУ-ын Тусгай олимпын хөдөлгөөнөөс хөгжүүлж буй энэ төрөл нь спортын амжилтаас гадна хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, харилцан ойлголцол, багаар ажиллах чадварыг дэмжихэд чиглэдэг. Тиймээс Монголын багийн энэ удаагийн амжилт нь зөвхөн алтан медалиар хэмжигдэхгүй, тэгш оролцоонд суурилсан спортын хөгжлийн нэг үр дүн болж байна гэж салбарын экспертүүд онцоллоо.

