Томуу, томуу төст өвчний улирлын ачаалал нэмэгдэж байгаатай холбогдуулан нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвүүдийн ажиллах цагийг уртасгажээ. Мөн өндөр эрсдэлтэй бүлгийн иргэдэд гэрийн үзлэг, эмчилгээ, хяналтын тусламж үзүүлж байна.
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээлснээр, томуу, томуу төст өвчний улирлын ачаалалтай холбогдуулан 2026 оны арваннэгдүгээр сарын 7-ноос өрхийн эрүүл мэндийн төвүүд уртасгасан цагаар ажиллаж эхэлсэн.
Тодруулбал, өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдрүүдэд 09:00–20:00, амралтын өдрүүдэд 10:00–17:00, нийтээр амрах баярын өдрүүдэд 10:00–16:00 цагийн хооронд иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж байна. Уртасгасан цагаар ажиллах хугацаанд гэрийн үзлэг, эмчилгээ, хяналтын үйлчилгээг дараах өндөр эрсдэлтэй гурван бүлгийн иргэдэд үйлчилнэ.
Үүнд:
-
Томуугаар хүндээр өвчилж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 0–5 насны хүүхдүүд;
-
Өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд;
-
Эрүүл мэндийн шалтгаанаар эмнэлэгт очих боломжгүй, гэрээр асаргаа, тусламж шаардлагатай иргэд.
Эдгээр иргэнд эрүүл мэндийн зөвлөгөө өгөх, гэрийн үзлэг хийх, эрүүл мэндийн даатгалын хүрээнд эмчилгээнд хамруулах, биеийн байдлыг хянах зэрэг тусламж, үйлчилгээг зохион байгуулж байгаа аж. Иргэд шаардлагатай тохиолдолд харьяа өрхийн эрүүл мэндийн төвдөө хандаж, мэдээлэл авах боломжтой.

