Gerelnews
Post

Эдийн засаг

2026, 1-р сар 27}

Женсен Хуан: AI бол XXI зууны эдийн засгийн үйлдлийн систем

AdminAdmin

Сүүлийн хоёр жилд хиймэл оюун ухаан (AI) технологийн салбараас хальж, эдийн засаг, хөдөлмөрийн зах зээл, геополитик, дэд бүтцийн бодлогын төв сэдэв болж хувирлаа. Гэвч олон нийт ихэвчлэн AI-г тодорхой нэг бүтээгдэхүүн, чатбот, эсвэл ажлын байрыг устгах аюул мэтээр тайлбарлах хандлагатай хэвээр байна. Энэ хүрээнд Давосын Дэлхийн эдийн засгийн форумын үеэр NVIDIA компанийн гүйцэтгэх захирал Женсен Хуантай хийсэн ярилцлага нь AI-г айдас, сенсац бус, харин систем, бүтэц, эдийн засгийн суурь логикийн түвшинд авч үзсэнээрээ ач холбогдолтой.


Энэхүү ярилцлага нь технологийн салбарын дотоод маргаан биш, харин XXI зууны эдийн засаг ямар суурь дээр гүнзгий өөрчлөлтөд орж байгааг тайлбарлах оролдлого болов. AI-г зөвхөн программ хангамжийн шинэчлэл гэж харах нь бодит өөрчлөлтийн цар хүрээг ойлгохгүй өнгөрөх эрсдэлтэй. Харин Хуан AI-г эдийн засгийн үйлдлийн систем хэмээн тодорхойлж, энэ технологи хэрхэн бүтээмж, дэд бүтэц, хөдөлмөрийн зохион байгуулалтыг бүхэлд нь өөрчилж байгаа талаар ярилаа.

Платформын шилжилт: AI бол дараагийн апп биш

Ярилцлагын гол агуулга нь AI бол суурь шилжилт (Platform shift) гэсэн ойлголтын хүрээнд өрнөв. Хуан AI-г нэг төрлийн хэрэглээний программ, эсвэл одоогийн программ хангамжийг сайжруулсан хувилбар гэж үзэхгүй, харин компьютер, интернет, мобайл үүлэн дэд бүтэцтэй дүйцэхүйц суурь шилжилт гэж тайлбарлав. Түүний хэлснээр, платформ гэдэг нь дээр нь шинэ төрлийн аппликейшнүүд бий болдог суурь орчин бөгөөд AI яг ийм шинэ орчныг бүрдүүлж байна.

Өнөөдөр бид ChatGPT, Claude, Gemini зэрэг хэрэгслүүдийг ашиглаж байгаа ч эдгээр нь платформын анхны хэрэглээний жишээ (prototype) төдий юм. Ирээдүйд эдгээрийн дээр, эсвэл тэдэнтэй ижил түвшний суурь модель дээр цоо шинэ салбар, бизнесийн модель, ажлын байр бий болно. Тиймээс AI-г өнөөдрийн байдлаар дүгнэх нь 1990-ээд онд Интернэтийг зөвхөн имэйлээр хэмжиж байсантай адил алдаа болно.

Компьютер “хийдэг” байснаас “ойлгодог” болж байна

AI-г ойлгоход чухал дараагийн шилжилт нь компьютерын мөн чанарт гарч буй өөрчлөлт юм. Уламжлалт программ хангамж нь хүний урьдчилан бичсэн заавар, алгоритм дээр тулгуурлан ажилладаг байсан. Ийм системүүд ихэвчлэн бүтэцжсэн өгөгдөл, хүснэгт, кодчилсон дүрэм шаарддаг бөгөөд заасан зүйлийг л гүйцэтгэдэг байв.

Харин AI-д суурилсан шинэ үеийн компьютерүүд нь бүтэцжээгүй мэдээллийг ойлгож чаддаг. Текст, зураг, дуу, орчны мэдээллийг заавал SQL хүснэгт хэлбэрт хувиргахгүйгээр утга, контекстийг хадгалан боловсруулдаг болсон. Хамгийн гол нь ийм системүүд хэрэглэгчийн зорилгыг тайлбарлаж, тухайн нөхцөлд ямар үйлдэл тохирохыг бодож хийх чадвартай болсон. Энэ нь компьютерыг гүйцэтгэгчээс ойлгогч, тайлбарлагч руу шилжүүлж буй чанарын өөрчлөлт юм.

Хуучин компьютер

AI компьютер

Урьдчилан бичсэн алгоритм

Орчныг ойлгож эргэцүүлэл хийнэ

Бүтэцтэй өгөгдөл (SQL)

Бүтэцгүй задгай өгөгдөл (текст, зураг, аудио, видео)

Гүйцэтгэгч

Тайлбарлагч, зорилго ойлгогч

 

Мөн AI-г хамгийн хурдан тархаж буй технологи болгож буй хүчин зүйл бол ашиглахад хялбар байдал юм. Хуаны тодорхойлсноор, AI бол хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн амархан ашигладаг программ хангамж юм. Өмнө нь хүн компьютерыг сурдаг байсан бол одоо компьютер хүнээс асуулт асууж, түүнийг чиглүүлэх боломж олгож байна.

Энэ өөрчлөлт нь программчлалын ойлголтыг ч шинэ түвшинд гаргаж байна. Код бичих чадвараас илүү асуулт зөв тавих, зорилгоо тодорхой илэрхийлэх чадвар чухал болж байна. Ийм утгаараа AI нь боловсрол, ур чадварын тэгш бус байдлыг бууруулах бодит боломжийг нээж өгч байна.

AI-ийн таван давхар бүтэц ба эдийн засгийн өгөөж

Олон нийт AI-г ихэвчлэн модель буюу алгоритмын түвшинд ойлгодог. Гэтэл Хуан AI-г даван давхаргатай бялуутай (Five-Layer Cake) зүйрлэж, үйлдвэрлэлийн үүднээс харахад таван давхар бүтэцтэй экосистем гэж тодорхойлов:

  1. Эрчим хүч – бодит хязгаар
  2. Чип болон тооцоолон бодохуй 
  3. Үүлэн дэд бүтэц
  4. AI моделиуд
  5. Аппликейншүүд – жинхэнэ эдийн засгийн өгөөж

Энэхүү экосистемийн суурь нь эрчим хүч юм. Учир нь AI бодит цагийн горимоор тооцоолол хийхийн тулд асар их эрчим хүч шаарддаг. Эрчим хүчинд суурилж чип, тооцооллын дэд бүтэц байрлана. Үүний дараа клауд үйлчилгээ, өгөгдлийн төвүүд, дараагийн шатанд AI модель, харин хамгийн дээд давхаргад бодит эдийн засгийн өгөөжийг бий болгодог аппликейшнүүд оршдог. Хуаны онцолж буй гол санаа нь эдийн засгийн жинхэнэ үнэ цэн модель дээр бус, харин тэдгээрийн дээр баригдаж буй хэрэглээ, үйлчилгээ, үйлдвэрлэлийн шийдлүүд дээр бий болж байгаа явдал юм. Тодруулбал, ашиг, ажлын байр, ДНБ-ий өсөлт зэрэг нь аппликейншний давхаргад бий болох аж. Харин бид “AI model” дээр л маргалдаад байвал том зургаа алдана гэдэг санааг тэр хэлэв.

Хамгийн том дэд бүтцийн тэсрэлт

AI-г платформ гэж үзэх нь бодит эдийн засгийн өөрчлөлтийг ойлгоход хүргэнэ. Хуаны тодорхойлсноор, AI нь хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн том дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эхлүүлээд байна. Аль хэдийн хэдэн зуун тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн бөгөөд ойрын жилүүдэд энэ тоо их наядаар хэмжигдэх нь тодорхой.

Энэхүү бүтээн байгуулалт нь зөвхөн дата төв, серверээр хязгаарлагдахгүй. Чипийн үйлдвэр, компьютерын үйлдвэр, AI factory гэх шинэ ойлголтууд бодит барилга, инженерчлэл, логистик, эрчим хүчний салбаруудыг хамарч байна. Өөрөөр хэлбэл AI нь виртуал орон зайд төдийгүй бетон, ган, кабель, трансформатор бүхий бодит эдийн засгийн түвшинд бууж иржээ.

Ажил устаагүй, харин үйлдлүүд автоматжсаар байна

AI-ийн тухай ярихад хамгийн их айдас төрүүлдэг сэдэв бол ажлын байрны ирээдүй. Энэ талаар Хуан зорилго (purpose) болон үйлдэл (task) гэсэн ялгааг онцлон авч үзэв. Аливаа ажил тодорхой зорилготой байдаг бол түүнийг хэрэгжүүлэхэд шаардагдах механик үйлдлүүдийг task гэж ойлгож болно.

AI нь ихэвчлэн task-ийг автоматжуулдаг боловч ажлын үндсэн зорилгыг устгадаггүй. Үүний тод жишээ нь дүрс оношилгооны мэргэжил юм. AI-г дүрс оношилгоонд өргөн ашиглаж байгаа ч энэ чиглэлийн мэргэжилтнүүдийн тоо буураагүй, харин ч өссөн. Учир нь тэд скан унших механик ажлаас чөлөөлөгдөж, өвчтөнтэй харилцах, оношилгооны чанарыг сайжруулахад илүү их цаг зарцуулах боломжтой болсон.

Түүнчлэн, AI-ийн дэд бүтцийн тэсрэлт нь гарын ур чадварт суурилсан мэргэжлүүдийн эрэлтийг огцом өсгөж байна. Чипийн үйлдвэр, өгөгдлийн төв, AI factory барихад сантехникч, цахилгаанчин, сүлжээний техникч, суурилуулалтын инженерүүд зайлшгүй шаардлагатай. Эдгээр ажлууд автоматжихад хэцүү бөгөөд олон оронд өндөр цалинтай болж эхэлсэн нь хөдөлмөрийн зах зээлийн шинэ чиг хандлагыг харуулж байна.

Энэ нь AI бүх хүнийг программист болгоно гэсэн нийтлэг төсөөллийг няцааж, харин бодит эдийн засагт гарын ур чадвар дахин үнэлэгдэж байгааг Хуан онцлов.

Хөгжиж буй орнууд: AI-г хөгжүүлэх нь үндэсний оюун ухааны экосистемийг бүрдүүлэхтэй дүйцнэ

Хөгжиж буй орнуудын хувьд AI-г зүгээр нэг импортын технологи гэж харах нь стратегийн боломжоо алдах эрсдэлтэй. Хуан AI-г үндэсний дэд бүтцийн нэг хэсэг байх ёстой гэж үздэг. Өнөө үед нээлттэй модель, клауд дэд бүтцийн ачаар AI-г заавал тэгээс нь бүтээх шаардлагагүй болсон.

Харин тухайн улсын жинхэнэ давуу тал нь өөрийн хэл, соёл, сэтгэлгээний өгөгдөл юм. Эдгээрийг ашиглан өөрийн хэрэгцээнд тохирсон AI-г хөгжүүлэх нь үндэсний оюун ухааны экосистемийг бүрдүүлэхтэй дүйцнэ. Энэ нь зөвхөн технологийн төдийгүй соёлын болон эдийн засгийн тусгаар тогтнолын асуудал юм.

Монголын жишээгээр авч үзвэл “Egune Chat” апп нь энгийн интерфэйс бус, Монголд 20 гаруй жилийн турш хуримтлуулсан хэл шинжлэл, дата судалгаа, монгол ахуй, сэтгэлгээний өгөгдөл дээр суурилсан үндэсний суурь модель юм.  

Дүгнэвэл: 

Женсен Хуантай хийсэн энэхүү ярилцлагаас нэг гол дүгнэлтийг хийж болно. AI бол нэг хэрэгсэл, нэг модель биш. Энэ бол XXI зууны эдийн засгийг бүхэлд нь ажиллуулах үйлдлийн систем юм. Айдас, моодны цаана бодит бүтэц, бодит хөрөнгө оруулалт, бодит ажлын байр бий болж байна.

AI-г ийм өнцгөөс харж, бодлого, бизнес, боловсролын шийдвэрүүдээ уялдуулж чадсан улс орон, компаниуд л ирэх арван жилд өрсөлдөх чадвартай болно гэдгийг Хуан онцоллоо.

Сэтгүүлч, редактор Г.Даваадорж

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!