Ирэх хичээлийн жилээс бага боловсролын системд хэд хэдэн өөрчлөлт, шинэчлэлт хийхээр бэлтгэж байгааг боловсролын сайд мэдээллээ.
Цэцэрлэгийн насныхны 70 орчим хувь нь сайн ярьж чадахгүй, хэл ярианы хөгжил муу байна гэсэн судалгаа гарсан. Цахим хэрэглээ өссөнөөс болж бага насны хүүхдүүд хожуу хэлд орж байна. Тиймээс цэцэрлэгүүдэд хэл засалч ажиллуулах зайлшгүй шаардлагатай байна гэж салбарын сайдт мэдээллээ.
Тодруулбал нэгдүгээр ангид орж байгаа хүүхэд 3500 үгийн сантай байх ёстой ч хүүхдүүд 1000-хан үг дотор л эргэлдэж, монгол хэлээр ярьж байна. Энэ маш том асуудал юм. Эх хэлээрээ ярьж чадахгүй, ярьсан, уншсанаа ойлгож чадахгүй байна. Тиймээс англи хэл гэхээс илүү эх хэлний боловсролд түлхүү анхаарна.
Мөн эрүүл мэндийн хичээлийг I ангиас оруулна. Ингэхдээ үдийн хоолны цагтай уялдуулж заана. Бага ангийн хүүхдүүдэд өгч байгаа гэрийн даалгаврыг багасгана. Нэг багш нэг хиймэл оюун ухааны туслах багштай байх хөтөлбөр хэрэгжүүлнэ. Эхлээд монгол, математикийн хичээл дээр АI туслахын платформыг нэвтрүүлнэ. Харин бага, дунд сургуульд нь эрт илрүүлэг хийгддэг болно. Эрүүл мэнд, биеийн тамир, үдийн хоол, сургуульд суурилсан эрт илрүүлгийг хамтад нь хийж байж "Эрүүл монгол хүн"-ийг бэлтгэх тогтолцоо бий болно гэв.

