Gerelnews
Post

Нийгэм

2026, 10-р сар 30}

Дэлхийн дулааралд нөлөөлж буй хүчин зүйлс болон түүнийг сааруулах боломж

Г.АнарГ.Анар

Дэлхийн улс орнууд 2015 оны Парисын хэлэлцээрээр дэлхийн дулаарлыг аж үйлдвэржилтийн өмнөх үеийн түвшнээс 2 хэмээс доогуур хязгаарлаж, 1.5 хэмд тогтоон барихын төлөө хүчин чармайлт гаргахаар тохиролцсон. Үүнээс хойш сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах чиглэлээр тодорхой арга хэмжээг хэрэгжүүлж байгаа ч үр дүн нь хангалтгүй хэвээр байна.


НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн 2026 оны тайланд улс орнууд одоогийн амлалтаа бүрэн биелүүлсэн ч энэ зуунд дэлхийн дулаарал ойролцоогоор 2.6 хэмд хүрэх төлөвтэй байгааг анхааруулжээ.

Дэлхийн дулаарлыг сааруулахын тулд юуны өмнө эх үүсвэр болох хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах шаардлагатай. Тодруулбал нүүрстөрөгчийн давхар исэл (CO₂) болон метан (CH₄) нь дэлхийн дулааралд ихээхэн нөлөөлдөг боловч үүсгэгч, нөлөөлөх хугацаагаараа ялгаатай. Нүүрстөрөгчийн давхар исэл нь нүүрс, газрын тос, байгалийн хий шатаах, цемент үйлдвэрлэх, ой мод устгах зэргээс ялгарч, агаар мандалд удаан хугацаанд нөлөөлдөг. Харин метан нь мал аж ахуй, хог хаягдал, нүүрсний уурхай, газрын тос, байгалийн хийн олборлолтоос үүсдэг бөгөөд агаар мандалд харьцангуй богино хугацаанд хадгалагддаг ч ижил хэмжээний нүүрстөрөгчийн давхар ислээс илүү хүчтэй дулааруулах нөлөөтэй. Иймээс нүүрстөрөгчийн давхар ислийг бууруулах нь урт хугацаанд дулаарлыг хязгаарлахад, метаны ялгарлыг багасгах нь ойрын хугацаанд дулаарлын хурдыг сааруулахад чухал ач холбогдолтой.

Сайшаалтай нь эдгээр хийн ялгарлыг бууруулах технологи, арга хэмжээнүүд хэдийн бий болжээ. Тухайлбал, нүүрс, газрын тос, байгалийн хийн хэрэглээг багасгаж, нар, салхины эрчим хүчийг нэмэгдүүлэх, барилгын дулаан алдагдлыг бууруулах, эрчим хүчний хэмнэлттэй үйлдвэрлэл, тээврийг хөгжүүлэх нь нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг багасгах боломж юм. Харин метаны ялгарлыг бууруулахын тулд нүүрсний уурхайн хийг хуримтлуулж ашиглах, газрын тос, байгалийн хийн байгууламжийн алдагдлыг илрүүлж засварлах, хог хаягдлын менежментийг сайжруулах шаардлагатай. Олон улсын эрчим хүчний агентлагийн 2026 оны судалгаагаар нүүрс, газрын тос, байгалийн хийн салбараас ялгарч буй метаны 70 орчим хувийг одоо байгаа технологиор бууруулах боломжтой гэж тооцсон байна.

Монгол Улсын хувьд дэлхийн дулаарлыг сааруулах бодлого нь дотоодын эрчим хүчний дутагдлыг шийдвэрлэх боломжтой давхар уялдаж байна. Эрчим хүчний зохицуулах хорооны мэдээллээр манай улс хэрэглэж буй цахилгаан эрчим хүчнийхээ 21.4 хувийг импортоор хангаж байгаа бөгөөд өвлийн оргил ачааллын үед дотоодын үйлдвэрлэлийн нөөц чадал хүрэлцэхгүй хэвээр байна. Ийм нөхцөлд нар, салхины эрчим хүчний эх үүсвэрийг хуримтлуур, дамжуулах сүлжээний шинэчлэлтэй хослуулан хөгжүүлэх нь эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ нүүрсний хэрэглээ, түүнээс үүдэх нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг бууруулах боломжтой.

Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлаа ердийн хөгжлийн хувилбартай харьцуулахад 30.3 хувиар бууруулах зорилт тавьсан. Тиймээс дотоодын эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэгцээг сэргээгдэх эх үүсвэрээр хангах нь зөвхөн эрчим хүчний салбарын асуудлыг шийдвэрлэх бус, Парисын хэлэлцээрийн хүрээнд хүлээсэн амлалтаа хэрэгжүүлэх, дэлхийн дулаарлыг сааруулахад хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!