Gerelnews
Post

Эрүүл мэнд

2026, 10-р сар 30}

18 хүртэлх насны хүүхдүүдийг томуугийн эмчилгээнд үнэ төлбөргүй хамруулна

Л.АззаяаЛ.Аззаяа

Хүйтний улирал эхэлж, томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэхтэй холбоотойгоор 18 хүртэлх насны хүүхдүүдэд өрхийн эрүүл мэндийн төвөөр дамжуулан үнэ төлбөргүй эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж эхэлжээ. Эрүүл мэндийн сайдын шийдвэрийн дагуу уг арга хэмжээг 2026 оны Аравдугаар сарын 1-нээс 2027 оны Тавдугаар сарын 1-нийг хүртэл нийслэл болон орон нутгийн хэмжээнд хэрэгжүүлэх юм.


Энэ хүрээнд томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 0-18 насны хүүхдүүд өрхийн эрүүл мэндийн төвдөө хандаж, эмчийн үзлэг, оношилгоо болон шаардлагатай эмчилгээг үнэ төлбөргүй авах боломжтой.

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас өрхийн эрүүл мэндийн төвүүдэд уг тусламж, үйлчилгээний санхүүжилтийг шийдвэрлэсэн байна. Нэг хүүхдэд үзүүлэх эмчилгээ, үйлчилгээний зардлыг 100 мянган төгрөгөөр тооцжээ. Эмчилгээний багцад эмчийн үзлэг, хяналт, шаардлагатай оношилгоо, эмчийн заалтаар олгох эмийн болон физик эмчилгээ, утлага зэрэг тусламж үйлчилгээ багтах юм.

Энэхүү арга хэмжээг 2024 онд мөн хэрэгжүүлж байсан бөгөөд хүүхдүүдийг өрхийн эрүүл мэндийн төвд эрт оношилж, эмчилснээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай хүүхдийн тоог бууруулах, өвчний хүндрэлээс урьдчилан сэргийлэхэд эерэг нөлөө үзүүлсэн гэж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас мэдээлжээ.

Томуугийн үед ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

Томуу нь вирусээр үүсгэгддэг амьсгалын замын цочмог халдварт өвчин юм. Ханиах, найтаах үед агаарт тархсан дуслаар болон халдвартай хүний хүрсэн гадаргуу, эд зүйлээр дамжин халдварладаг.

Хүүхдэд гэнэт өндөр халуурах, ханиалгах, хоолой өвдөх, хамар битүүрэх, нус гоожих, толгой болон булчин өвдөх, бие сульдах зэрэг шинж тэмдэг илэрч болно. Ялангуяа бага насны хүүхдэд өвчин хүндрэх эрсдэлтэй тул шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмчид хандаж, үзлэг хийлгэх шаардлагатай. Хүүхэд амьсгалахад хүндрэлтэй болох, цээж хонхолзох, уруул хөхрөх, таталт өгөх, шингэн ууж чадахгүй болох зэрэг шинж илэрвэл яаралтай эмнэлгийн тусламж авах хэрэгтэй.

Эцэг эхчүүд хүүхдийнхээ дархлааг дэмжихийн тулд амралт, нойрыг нь зохицуулах, шингэн зүйл хангалттай уулгах, гараа тогтмол угаах, өрөө тасалгааг агааржуулах зэргээр халдвараас урьдчилан сэргийлэх боломжтой.

Мөн хүүхэд томуу, томуу төст өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд дур мэдэн эм хэрэглэхгүйгээр харьяа өрх, сумын эрүүл мэндийн төвд хандахыг зөвлөж байна.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!