Gerelnews
Post

Нийгэм

2026, 10-р сар 30}

Хүүхдүүдийн сошиал хэрэглээг насны ангиллаар зохицуулна

Л.АззаяаЛ.Аззаяа

УИХ хүүхдийн нийгмийн сүлжээний хэрэглээг зохицуулах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ. Төсөлд 13-аас доош насны хүүхдийг нийгмийн сүлжээнд бүртгүүлэхийг хязгаарлах, 13–16 насныханд насанд нь тохирсон хамгаалалтын тохиргоо нэвтрүүлэхээр тусгажээ.


УИХ-ын гишүүн П.Наранбаяр тэргүүтэй есөн гишүүн 2026 оны Долоодугаар сарын 22-нд “Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай” хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Улмаар УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 10 дугаар сарын 29-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж эхэлсэн байна.

Хуулийн төсөл нь хүүхдийн нас, хөгжлийн онцлогт тохирсон цахим орчныг бүрдүүлэх, нийгмийн сүлжээ ашиглах явцад үүсэж болзошгүй дарамт, заналхийлэл, мөлжлөг болон бусад эрсдэлээс хамгаалах зорилготой. Тодруулбал, төсөлд 13-аас доош насны хүүхдийг нийгмийн сүлжээнд бүртгэл үүсгэхийг хязгаарлах зохицуулалт тусгажээ. Харин 13–16 насны хүүхдүүд нийгмийн сүлжээг насанд нь тохирсон аюулгүй байдлын хамгаалалтын тохиргоотой ашиглахаар заасан байна.

Хүүхдийг цахим орчинд хамгаалахад хэн ямар үүрэг хүлээх вэ?

Хуулийн төсөлд зөвхөн хүүхдийн хэрэглээнд насны хязгаар тогтоохоос гадна нийгмийн сүлжээ болон харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгчдийн үүрэг, хариуцлагыг тодорхойлохоор тусгажээ. Мөн эцэг эх, асран хамгаалагч, боловсролын байгууллагууд хүүхдийн цахим аюулгүй байдлыг хангахад оролцох зохицуулалт багтсан байна. Түүнчлэн хүүхдийн хувийн мэдээллийг хамгаалах, цахим орчинд эрх нь зөрчигдсөн тохиолдолд гомдол, мэдээллийг хүлээн авч шийдвэрлэх байгууллагын чиг үүргийг тодорхойлохоор тусгажээ.

Ингэснээр хүүхдийн нийгмийн сүлжээний хэрэглээг зөвхөн насны хязгаарлалтаар бус, үйлчилгээ үзүүлэгч, эцэг эх, асран хамгаалагч болон төрийн байгууллагын хамтын оролцоотойгоор зохицуулах эрх зүйн орчныг бүрдүүлэхээр зорьж байна.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!