TIME сэтгүүл “TIME100 Next” жагсаалтыг 2019 онд анх танилцуулахдаа нөлөө гэдэг ойлголт зөвхөн уламжлалт эрх мэдэл, албан тушаалаар хэмжигдэхгүй, шинэ санаа болон тухайн салбартаа богино хугацаанд бий болгож буй өөрчлөлтөөр ч илэрхийлэгддэг гэж тайлбарлаж байв. Тиймээс уг жагсаалт нь олон жилийн турш нэр хүндээ тогтоосон хүмүүсээс илүүтэй салбартаа шинээр тодорч, ирээдүйн чиг хандлагад нөлөөлөх дараагийн үеийн төлөөллийг онцолдгоороо TIME100 үндсэн жагсаалтаас ялгаатай юм.
2026 оны “TIME100 Next” буюу дэлхийн ирээдүйд нөлөө үзүүлэх шинэ үеийн 100 хүний жагсаалтад Энэтхэгийн 15 настай крикетчин Вайбхав Сурьяванши (Vaibhav Sooryavanshi)-г багтаалаа. Тэрээр энэ жилийн жагсаалтын хамгийн залуу төлөөлөгч бөгөөд TIME түүнийг спорт, урлаг болон бусад салбарт хурдтай тодорч буй залуу төлөөллүүдийг багтаадаг “Phenoms” ангилалд нэрлэсэн байна.
Сурьяванши 15 настай хэдий ч 2026 онд хэд хэдэн томоохон амжилт гаргажээ. Тэрээр Энэтхэгийн 19 хүртэлх насны шигшээ багийг Дэлхийн цомд түрүүлэхэд голлох үүрэг гүйцэтгэж, Английн эсрэг финалын тоглолтод 80 бөмбөгөөс 175 оноо авч, тус тэмцээний финалын түүхэн дэх хамгийн өндөр хувийн оноог тогтоосон байна. Тэрбээр тэмцээнийг нийт 439 оноотой дуусгаж, “Тэмцээний шилдэг тоглогч”-оор шалгарсан юм. Үүний дараа Энэтхэгийн насанд хүрэгчдийн шигшээ багт дуудагдаж, Долдугаар сард Зимбабвегийн эсрэг тоглолтод 15 нас 118 хоногтойдоо 50 онооны босго давснаар эрэгтэйчүүдийн олон улсын T20 крикетийн түүхэнд ийм амжилт үзүүлсэн хамгийн залуу тоглогч болсон байна.
Эх сурвалж: TIME — TIME100 Next 2026

