Gerelnews
Post

Боловсрол

2026, 11-р сар 27}

Дэлхийн их сургуулиудын эрэмбэд Монгол Улс хаана байна вэ?

Админ сэтгүүлчАдмин сэтгүүлч

Азийн их сургуулиуд дэлхийн дээд боловсролын салбарт байр сууриа бэхжүүлж, АНУ, Европын тэргүүлэх сургуулиудтай өрсөлдөх болжээ.


Их, дээд сургуулиудын үйл ажиллагааг үнэлдэг Times Higher Education (THE) байгууллага 2026 оны Есдүгээр сард дэлхийн 118 улс, нутаг дэвсгэрийн 2,297 их сургуулийг хамруулсан 2027 оны эрэмбийг танилцуулав.

Их Британийн Оксфордын их сургууль 11 дэх жилдээ тус жагсаалтыг тэргүүлсэн бол АНУ-ын Массачусетсийн технологийн институт хоёрдугаарт, Принстон болон Стэнфордын их сургуулиуд гуравдугаарт эрэмбэлэгджээ. Харин БНХАУ-ын Цинхуа их сургууль 11, Бээжингийн их сургууль 13, Сингапурын үндэсний их сургууль 15 дугаар байрт эрэмбэлэгдсэнээр Азийн гурван их сургууль дэлхийн шилдэг 15 сургуулийн тоонд анх удаа багтсан байна.

Азийн их сургуулиудын өрсөлдөх чадвар нэмэгдэж буй энэ үед Монголын их сургуулиуд бүс нутгийн эрэмбэд харьцангуй хойгуур жагсаж байна. Times Higher Education байгууллагын 2026 оны Азийн их сургуулиудын эрэмбэд Монгол Улсын Их Сургууль (МУИС) 801-ээс дээших дугаартай байруудыг нэгтгэсэн ангилалд (801+) багтжээ. МУИС нь Монгол Улсаас тус эрэмбэд багтсан цорын ганц их сургууль юм.

Мөн 2026 оны Арваннэгдүгээр сард танилцуулсан Quacquarelli Symonds (QS) байгууллагын 2027 оны Зүүн Азийн их сургуулиудын эрэмбэд МУИС 593, Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль (ШУТИС) 685 дугаар байрт тус тус эрэмбэлэгдсэн байна.

Их сургуулиудын олон улсын эрэмбийг тогтоохдоо сургалтын орчноос гадна эрдэм шинжилгээний бүтээлийн чанар, судалгааны санхүүжилт, олон улсын хамтын ажиллагаа, мэдлэг, технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлж буй байдал зэрэг үзүүлэлтийг харгалзан үздэг. Иймээс олон улсад өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхэд сургалтын чанарыг сайжруулахаас гадна судалгаа, шинжилгээний чадавхыг бэхжүүлэх шаардлагатай юм.

Үүний зэрэгцээ гадаадад дээд боловсрол эзэмшиж буй монгол оюутнуудын тоо нэмэгдэж байна. ЮНЕСКО-гийн статистик мэдээллээр Монголын дээд боловсролын түвшний гадаадад суралцагчдын хувь 2019 онд 8.52 хувь байсан бол 2023 онд 11.94 хувьд хүрчээ.

Монгол залуусын олон улсад боловсрол эзэмших боломж өргөжиж буй энэ үед дотоодын их сургуулиудын сургалт, судалгааны чанарыг олон улсын түвшинд хүргэх, оюутнуудад эх орондоо өрсөлдөхүйц боловсрол эзэмших боломж бүрдүүлэх асуудал улам чухал болж байна.

Эх сурвалж: Times Higher Education

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!