Монгол Улсаар дамжин БНХАУ, ОХУ-ын хооронд төмөр замаар зорчих боломж нэмэгдлээ. Бээжин хотоос Арваннэгдүгээр сарын 25-нд хөдөлсөн олон улсын зорчигчийн галт тэрэг 26-ны өдрийн 14:35 цагт Улаанбаатарт ирж, Эрхүү хотыг чиглэн аяллаа үргэлжлүүлжээ.
Цар тахлын улмаас 2020 онд зогсоосон Бээжин–Улаанбаатар–Москва чиглэлийн галт тэрэгний аяллыг энэ удаа Эрхүү хот хүртэл сэргээсэн байна. Тус галт тэргийг дахин аялуулах асуудлыг 2026 оны Есдүгээр сард ОХУ-ын Владивосток хотод болсон Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын (ТЗХАБ) Зорчигч тээврийн комиссын зөвлөгөөнөөр хэлэлцэн тохиролцжээ.
“Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн (УБТЗ ХНН) мэдээлснээр, олон улсын зорчигчийн 3/4 дүгээр галт тэргийг 1960 оны Тавдугаар сараас Хятадын тал хариуцан аялуулж ирсэн түүхтэй. Энэ удаа аяллаа сэргээсэн галт тэрэг гурван улсын нутаг дэвсгэрээр дамжин нийт 2,666 км замыг 55 цаг орчим туулж, долоо хоногт чиглэл тус бүрд нэг удаа үйлчилнэ.
Галт тэрэгний аяллын хуваарь:
|
Өртөө |
Бээжин–Эрхүү |
Эрхүү–Бээжин |
|
Бээжин |
Лхагва, 07:27 (хөдлөх) |
Даваа, 14:35 (ирэх) |
|
Улаанбаатар |
Пүрэв, 14:35 (ирэх) |
Ням, 06:38 (ирэх) |
|
Эрхүү |
Баасан, 14:55 (ирэх) |
Бямба, 06:58 (хөдлөх) |
Уг чиглэлийн аялал сэргэснээр Монгол Улсын иргэдийн хөрш орнуудад зорчих тээврийн сонголт нэмэгдэхийн зэрэгцээ аялал жуулчлал, худалдаа, үйлчилгээний салбарын хөгжилд дэмжлэг болох юм. Тухайлбал, Монгол Улсын хойд хилийн төмөр замын гол гарц болох Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод зорчигчдын урсгал нэмэгдэж, орон нутгийн худалдаа, үйлчилгээ, жижиг бизнесийг хөгжүүлэх шинэ боломж бүрдэх хүлээлттэй байгааг МОНЦАМЭ агентлаг онцолжээ.
Эх сурвалж: УБТЗ ХНН, МОНЦАМЭ, Синьхуа агентлаг

