Gerelnews
Post

Улс төр

2025, 11-р сар 28}

Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

AdminAdmin

ЭЗБХ: Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ


Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2025.11.27) хуралдаан гишүүдийн 51.6 хувийн ирцтэйгээр 17 цаг 49 минутад эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.
 
Эхлээд Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцсэн бөгөөд гишүүд төслийн 8 дугаар зүйлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд асуулт асууж, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд болон ажлын хэсгээс хариулт, тайлбар авсан.
 
Төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүд зарчмын зөрүүтэй саналын томьёолол гаргах шаардлагагүй гэж үзэв. Иймд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.24 дэх хэсгийг үндэслэн Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээс эцэслэн батлах үе шат руу шилжүүлэх горимын саналыг Байнгын хорооны дарга Р.Сэддорж гаргалаа. Санал хураалтад оролцсон Улсын Их Хурлын 17 гишүүний 12 буюу 70.6 хувийн саналаар горимын саналыг дэмжив. Иймд холбогдох санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
 
Дараа нь “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Тогтоолын төслийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, тус ажлын хэсгийн ахлагч Г.Тэмүүлэн танилцууллаа.
 
Улсын Их Хурлын даргын 2025 оны арван нэгдүгээр сарын 18-ны өдрийн захирамжаар “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг 25 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан юм. Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн ажиллаж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Р.Сэддорж, Х.Баасанжаргал, М.Бадамсүрэн, Р.Батболд, Н.Батсүмбэрэл, Ж.Галбадрах, Д.Ганмаа, Ж.Золжаргал, Г.Лувсанжамц, М.Мандхай, Б.Мөнхсоёл, Ц.Мөнхтуяа, З.Мэндсайхан, Ч.Номин, Н.Номтойбаяр, Б.Пүрэвдорж, П.Сайнзориг, О.Саранчулуун, Б.Уянга, Г.Уянгахишиг, Б.Хэрлэн, С.Цэнгүүн, М.Энхцэцэг, С.Эрдэнэбат нар ажиллажээ.
 
Ажлын хэсэг долоо хоногт 5 удаа хуралдаж, ажлын хэсгийн гишүүд мэргэшсэн чиглэлээрээ дэд бүлгүүдэд хуваагдаж ажилласан байна. Мөн өмнөх таван жилийн үндсэн чиглэлийн хэрэгжилтэд Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын хийсэн хяналт-шинжилгээ үнэлгээний талаарх танилцуулга болон хяналт-хэрэгжилтэд тулгамдсан асуудлын талаарх мэдээллийг сонссон болохыг Г.Тэмүүлэн гишүүн танилцууллаа. Мөн ирэх таван жилийн хугацаанд макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийг хэрхэн сайжруулах талаар Монголбанк, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, Санхүүгийн зохицуулах хорооны төлөөлөлтэй уулзаж, тогтоолын төсөлтэй холбоотой санал солилцсон байна.
 
Ажлын хэсэгт Улсын Их Хурлын гишүүд, төрийн байгууллагуудаас ирүүлсэн зарчмын зөрүүтэй санал болон ажлын хэсгийн гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй саналын хүрээнд тогтоолын төслийн 1, 2, 3 дугаар хавсралттай холбогдуулан нийт 143 зарчмын зөрүүтэй санал, 4 найруулгын саналын томьёолол бэлтгэжээ
 
Эх сурвалж: ЭЗБХ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!