Gerelnews
Post

Нийгэм

2026, 9-р сар 17}

Эмэгтэйчүүдийг спортын маркетингд хэрхэн дүрслэх ёстой вэ?

Админ сэтгүүлчАдмин сэтгүүлч

Спортын салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоо, түүнийг дагасан үзэгч, зах зээл, арилжааны үнэ цэн өсөн нэмэгдэхийн хэрээр сурталчилгаа, маркетингд эмэгтэй тамирчдыг хэрхэн дүрслэх ёстой вэ гэх асуудал чухал өнцөг байсаар ирсэн.


Гэтэл спортын таамаглалын Novig (Новиг) платформын сурталчилгаа цацагдсантай холбоотойгоор сүүлийн долоо хоногт уг асуудал олон нийтийн анхаарлыг улам ихээр татлаа.

Тодруулбал жүжигчин Sydney Sweeney (Сидни Суини)-гийн оролцсон тус рекламд жүжигчин бүсгүй спортын төрөл бүрийн хэрэгсэлтэй, маш бага хувцастайгаар дүрслэгдсэн. Сурталчилгаа цацагдсаны дараа олимп, дэлхийн аварга олон эмэгтэй тамирчид уг дүрслэлд эгдүүцэж буйгаа зарласан бөгөөд шүүмжлэлтэй байр суурь илэрхийлжээ. Тэдний тавьсан гол асуудал нь спортын тухай сурталчилгаанд эмэгтэй хүний бие бус, тамирчны хөдөлмөр, ур чадвар, спортын амжилт илүү тод харагдах ёстой гэсэн санаа байв.

Fortune Есдүгээр сарын 16-ны нийтлэлдээ энэ маргааныг спортын маркетингд үүсэж буй шинэ заагийн нэг жишээ гэж авч үзжээ. Өмнө нь эрэгтэй үзэгчдэд чиглэсэн спортын рекламд эмэгтэй хүний биеийг анхаарал татах хэрэгсэл болгон ашиглах нь түгээмэл байсан бол өнөөдөр эмэгтэй тамирчид өөрсдөө томоохон тэмцээнүүдийн гол дүр болж, үзэгч татах хэмжээний нэр хүндтэй болсон нь ийм маркетингийг өөр өнцгөөс харахад хүргэж байна. Үүнтэй холбогдуулан дурдахад Nike-ийн “So Win” кампанит ажил 2025 оны Super Bowl LIX-ийн үеэр Caitlin Clark (Кэйтлин Кларк), A’ja Wilson (Эйжа Уилсон), Sha’Carri Richardson (Ша-Карри Ричардсон), Jordan Chiles (Жордан Чайлз) зэрэг эмэгтэй тамирчдыг оролцуулж, тэдэнд тулгардаг хүлээлт, шүүмжлэлийг хөдөлмөр, өрсөлдөөн, ялалт, амжилт болго хэмээх өгүүлэмжтэй сурталчилгаа цацсан юм. Nike тус кампанит ажлаа тамирчдад бусад хүмүүсийн үзэл бодол, “чадахгүй” гэх үгийг үл тоон, хөдөлмөрөөрөө өөрсдийгөө харуулахыг уриалсан бүтээл хэмээн танилцуулж байжээ. Энэхүү арга барил ч үзэгчдийн анхаарлыг татаж, Adweek-ийн 2026 оны мэдээллээр “So Win” Super Bowl-ийн үеэр сурталчилгаа хийсэн 66 брэндээс тухайн үдшийн онлайн ярианы 21 хувийг эзэлж, рекламд оролцсон тамирчдын тухай онлайнд яригдах тоо цацалтын дараа 1,000 хувиар нэмэгджээ.

Ийнхүү Novig болон Nike-ийн хоёр өөр жишээ өнөөдрийн спортын маркетингд Эмэгтэй хүнийг спорттой холбож харуулахдаа түүний биеийн галбир, дүр төрхөөр анхаарал татах уу, эсвэл тамирчны хүч чадал, хөдөлмөр, амжилтыг үндсэн агуулга болгох уу? гэх асуултыг хөндлөө. Эмэгтэйчүүдийн спорт өөрөө үзэгч, зах зээл, од тамирчидтай томоохон салбар болж буй өнөө үед энэ нь зөвхөн рекламын хэв маяг төдий бус, эмэгтэй тамирчдыг нийгэм ямар дүрээр харж, үнэлэх вэ гэсэн илүү өргөн асуудал болж байна.

Эх сурвалж: Fortune

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!