Москва хот видео хяналт, өгөгдлийн шинжилгээ болон шуурхай албадын хариу арга хэмжээг уялдуулсан “Аюулгүй хот” (Безопасный город) хөтөлбөрт тээврийн системээ нэгтгэн хөгжүүлж байна.
Москвагийн Тээврийн нэгдсэн порталын Наймдугаар сарын 28-ны мэдээлэлд “Аюулгүй хот” систем нь видео хяналт, өгөгдлийн шинжилгээ болон шуурхай албадын ажиллагааг уялдуулдаг тухай дурджээ. Москва хотын Тээвэр, аж үйлдвэрийн асуудал хариуцсан хотын даргын орлогч Максим Ликсутовын мэдээлснээр видео хяналтыг хиймэл оюунтай холбож, нийтийн тээврийн хөдөлгөөн, ‘ухаалаг’ гэрлэн дохионы мэдээллийг шинжлэх, автомат жолоодлоготой тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохицуулах, онцгой нөхцөлд шуурхай хариу арга хэмжээ авахад ашиглаж байна.
Үүний зэрэгцээ Москвагийн Замын хөдөлгөөний зохион байгуулалтын төв буюу ЦОДД хиймэл оюунд суурилсан видео аналитикийн систем ашигладаг бөгөөд Есдүгээр сарын 8-ны албан ёсны мэдээллээр, 2026 он гарснаас хойш уг систем замын хөдөлгөөнтэй холбоотой 1.7 сая гаруй тохиолдлыг автоматаар илрүүлжээ. “Ухаалаг” камерууд зам тээврийн ослоос гадна эвдэрсэн эсвэл зам дээр зогссон автомашин, автозамын зорчих хэсэгт нэвтэрсэн хүн, амьтны хөдөлгөөнийг илрүүлэх, хориотой чиглэлд хөдөлгөөн хийх тээврийн хэрэгсэл зэрэг 15 төрлийн тохиолдлыг автоматаар таньдаг байна. Москвагийн гол магистраль болон хонгилуудад 2 мянга гаруй ухаалаг камер ажиллаж байгаа бөгөөд зөвхөн Москвагийн тойрог авто зам буюу МКАД дээр 880 гаруй камер байрладаг байна.
Харин Нью-Йорк Таймс (The New York Times) Есдүгээр сарын 14-ний нийтлэлдээ Москвагийн дижитал дэд бүтэц хотын үйлчилгээг илүү хялбар, аюулгүй болгосны зэрэгцээ төрөөс иргэдийг хянах боломжийг өргөжүүлж байгааг онцолжээ. Тус сонины мэдээлснээр Москва хотод ойролцоогоор 300 мянган хяналтын камер ажилладаг бөгөөд видео хяналтын сүлжээ нь биометрийн мэдээллийн сантай холбогдсон байдаг гэжээ. Москвагийн албан ёсны эх сурвалжууд эдгээр технологийг нийтийн аюулгүй байдал, замын хөдөлгөөн болон шуурхай ажиллагааг сайжруулах хэрэгсэл гэж тайлбарладаг бол Нью-Йорк Таймс тэдгээрийн хэрэглээ өргөжихийн хэрээр хувийн нууц, төрийн хяналттай холбоотой асуудал дагуулж байгааг хөнджээ.

