АНУ-ын Засгийн газрын Байгаль орчныг хамгаалах агентлаг (EPA) нүүрс болон байгалийн хийгээр ажилладаг цахилгаан станцуудад тавьсан "Хүлэмжийн хийн ялгарлын стандарт"-ын дийлэнх хэсгийг цуцаллаа.
BBC болон Reuters-ийн мэдээлснээр, эдгээр стандартыг 2024 онд Жо Байдены засаг захиргааны үед цахилгаан эрчим хүчний салбараас гарах хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилгоор баталсан юм. EPA Есдүгээр сарын 14-нд уг зохицуулалтын ихэнхийг эцэслэн цуцалсан бөгөөд одоогоор хүчинтэй үлдсэн стандартуудыг хүчингүй болгох саналаа ч мөн танилцуулжээ. Энэхүү шийдвэр нь Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргааны эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, холбооны зохицуулалтыг бууруулах бодлогын нэг хэсэг юм.
Reuters-ийн мэдээлснээр, Трампын засаг захиргаа өмнөх шаардлагууд эрчим хүчний үйлдвэрлэл болон шинэ дэд бүтцийн бүтээн байгуулалтад саад болж байна гэж үзэж байгаа бөгөөд EPA зүгээс “Цэвэр агаарын тухай хуулийн хүрээнд цахилгаан эрчим хүчний салбарын хүлэмжийн хийг ийм байдлаар зохицуулах эрх хэмжээ агентлагт байхгүй” гэж тайлбарлажээ. Түүнчлэн өмнөх стандартаар зарим цахилгаан станц нүүрсхүчлийн хийг ялган барьж, хадгалах технологийг өргөн хэмжээнд нэвтрүүлэх шаардлагатай байсан ч EPA уг технологийг шаардсан түвшин, хугацаанд хэрэгжүүлэх боломж хангалттай нотлогдоогүй, зардал өндөр гэж үзсэн байна. Тухайлбал, нүүрсээр ажилладаг зарим станцын нүүрсхүчлийн хийн 90 хувийг барьж, хураахад шаардлагатай дэд бүтэц 2032 он гэхэд бэлэн болох магадлал бага гэж агентлаг дүгнэжээ.
Байдены засаг захиргааны 2024 оны зохицуулалт нь цахилгаан станцуудын хүлэмжийн хийн ялгарлыг урт хугацаанд бууруулах томоохон арга хэмжээний нэг байсан бөгөөд Reuters-ийн мэдээлснээр 2047 он хүртэл нийт нэг тэрбум тонн орчим хүлэмжийн хийн ялгарлаас сэргийлэх зорилготой байв. Харин одоогийн EPA эдгээр шаардлагыг цуцалснаар цахилгаан станцуудад ногдох зардлыг бууруулж, өсөн нэмэгдэж буй цахилгааны хэрэгцээг хангах, шинэ эрчим хүчний дэд бүтцийг байгуулахад дэмжлэг болно гэж үзжээ. Агентлаг шинэ болон санал болгож буй өөрчлөлтүүдийг бүхэлд нь хэрэгжүүлснээр 300 тэрбум ам.доллароос давсан зардал хэмнэх боломжтой гэж тооцоолсон байна.
Харин байгаль орчин, нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр ажилладаг байгууллагууд уг шийдвэрийг нүүрс болон хийн цахилгаан станцын ялгарлыг нэмэгдүүлж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах хүчин чармайлтыг сулруулна хэмээн эсэргүүцэж байна. Reuters-ийн мэдээлснээр, АНУ-ын цахилгаан эрчим хүчний салбар нь тээврийн салбарын дараа орох тус улсын хүлэмжийн хийн ялгарлын хоёр дахь том эх үүсвэр бөгөөд салбарын ялгарал өнгөрсөн онд дөрвөн хувиар өсжээ.
Эх сурвалж: BBC, Reuters

