Есдүгээр сарын 12–13-нд Энэтхэгийн Шинэ Дели хотноо болсон БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтаар гишүүн орнууд халдварт өвчний дэгдэлтийг эрт илрүүлэх нэгдсэн сэрэмжлүүлгийн тогтолцоо байгуулахаар тохиролцлоо.
Ассошиэйтед Пресс агентлагийн мэдээлснээр, уг тогтолцоо нь ирээдүйд халдварт өвчин дэгдэх үед улс орнуудын бэлэн байдлыг сайжруулж, шуурхай хариу арга хэмжээ авах боломжийг нэмэгдүүлэх зорилготой юм.
Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди уулзалтын хоёр дахь өдөр үг хэлэхдээ цар тахал, уур амьсгалтай холбоотой гамшиг болон нийлүүлэлтийн сүлжээний доголдол нь өнөөгийн харилцан хамааралтай дэлхийд аливаа хямрал нэг улс, бүс нутгаар хязгаарлагдахгүйг харуулсан гэж онцолжээ. Мөн геополитикийн хурцадмал байдал, нийлүүлэлтийн сүлжээний тасалдал, уур амьсгалын хямрал иргэдийн амьдралд улам хүчтэй нөлөөлж байгааг дурдаж, ийм сорилтын эсрэг БРИКС-ийн орнууд хамтын ажиллагаагаа бэхжүүлэх шаардлагатайг тэмдэглэсэн байна.
БРИКС өдгөө 11 гишүүнтэй бөгөөд дэлхийн хүн амын тал орчим хувийг хамарч байна. Тус бүлгийн үндэс суурийг Бразил, Орос, Энэтхэг, Хятад улс 2006 онд тавьсан юм. Шинэ Делид болсон энэ удаагийн дээд хэмжээний уулзалтад БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкиан болон бусад гишүүн орны удирдагчид оролцжээ.
Эх сурвалж: Ассошиэйтед Пресс (AP News)

