Европын Холбооны Коперникийн Уур амьсгалын өөрчлөлтийн алба (C3S) өнгөрөгч Наймдугаар сарыг дэлхийн хэмжээнд бүртгэгдсэн хамгийн халуун саруудын нэгээр нэрлэснийг Ройтерс агентлаг мэдээллээ.
Ройтерсын мэдээнд өнгөрөгч Наймдугаар сард дэлхийн гадаргын агаарын дундаж температур 16.96 хэмд хүрч, 2023 оны долоодугаар сарын үзүүлэлттэй тэнцсэн байна. Мөн аж үйлдвэржилтийн өмнөх үеийн түвшнээс 1.65 хэмээр дулаан байсан аж. Энэ хугацаанд Европ болон Азийн хэд хэдэн бүсэд хэт халалт, ой хээрийн түймэр, ган гачиг, үер зэрэг цаг агаарын онцгой үзэгдэл бүртгэгдсэн байна. Эрдэмтдийн үзэж буйгаар хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлт дэлхийн дулаарлын гол шалтгаан хэвээр байна.
Түүнчлэн Наймдугаар сар нь 2025 оны Арваннэгдүгээр сараас хойш сар бүрийн дэлхийн дундаж температур аж үйлдвэржилтийн өмнөх үеэс 1.5 хэмээс давсан анхны сар болжээ. Мөн туйлын бүсээс бусад дэлхийн далайн гадаргын температур тухайн сарын хувьд түүхэн дээд түвшинтэй тэнцжээ. Гэхдээ энэ нь Парисын хэлэлцээрт заасан 1.5 хэмийн зорилтот босгыг албан ёсоор давсан гэсэн үг биш бөгөөд уг үзүүлэлтийг олон жилийн дундаж температураар тооцдог байна.
Үүнээс гадна Номхон далайн халуун бүсэд Эль Ниньо[1] үзэгдэл бүрэлдэж эхэлсэн бөгөөд ирэх саруудад эрчимжвэл дэлхийн температурыг цааш нэмэгдүүлэх магадлалтай гэж Коперникийн Уур амьсгалын өөрчлөлтийн албанаас мэдээлсэн байна.
Эх сурвалж: Ройтерс агентлаг
[1] Эль Ниньо нь Номхон далайн төв болон зүүн хэсгийн далайн гадаргын ус хэвийн үеэс дулаарч, дэлхийн цаг агаарын төлөвт нөлөөлдөг байгалийн үзэгдэл юм.

