Gerelnews
Post

Улс төр

2026, 10-р сар 27}

Г.Тэмүүлэн: Орон сууцны залилангаас сэргийлэх хуулийн төсөл өргөн барина

Л.АззаяаЛ.Аззаяа

Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн өнөөдөр /2026.10.27/ “Сарын тойм” хэвлэлийн хурлаар иргэдийн эрхийг хамгаалах, төрийн эрх мэдлийг хязгаарлаж, хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх хууль, эрх зүйн шинэчлэлийн талаар мэдээлэл өглөө. Энэ хүрээнд орон сууц захиалахтай холбоотой залилангаас урьдчилан сэргийлэх, иргэдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг танилцууллаа.


Орон сууцны захиалгын залилангаас сэргийлэх зохицуулалт хийнэ

Орон сууц худалдан авах, захиалах үед иргэд тухайн барилгын зөвшөөрөл, бүртгэл, захиалгын гэрээтэй холбоотой мэдээллийг бүрэн шалгах боломжгүйгээс эрсдэлд орох тохиолдол бий. Тухайлбал, нэг орон сууцыг хэд хэдэн хүнд давхар захиалуулах, шаардлагатай зөвшөөрөлгүйгээр барилгын ажил эхлүүлэх, санхүүгийн хүндрэлээс шалтгаалан барилгын ажил зогсох зэрэг асуудал иргэдийн мөнгө, өмчлөх эрхэд эрсдэл учруулдаг.

Мөн газар дахин төлөвлөлтөд хамруулсны дараа орон сууц олгохоор тохиролцсон ч гэрээний үүргээ биелүүлээгүйгээс иргэд хохирох тохиолдол гардаг байна.

Эдгээр эрсдэлийг бууруулахын тулд төрийн байгууллагуудад байгаа барилга, орон сууцны мэдээллийг ил тод болгож, иргэд өөрсдөө шалгаж баталгаажуулах боломж бүрдүүлэхээр төлөвлөжээ. Энэ хүрээнд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн барьж, яаралтай горимоор хэлэлцүүлэхээр ажиллаж байгааг мэдээлсэн юм.

Хуулийн өөрчлөлтөөр барилгын зөвшөөрөл олгогдсон үеэс эхлэн тухайн барилга, орон сууцны мэдээллийг бүртгэлжүүлж, нэгж орон сууц бүрд давтагдашгүй QR код олгохоор төлөвлөж байна. Өөрөөр хэлбэл, нэг орон сууцны мэдээллийг тусгай кодоор таньж, тухайн сууцтай холбоотой бүртгэл, гэрээний мэдээллийг шалгах боломж бүрдүүлэх юм. Ингэснээр нэг байрыг олон хүнд давхар захиалуулах, гэрээ давхардуулан байгуулах замаар залилан үйлдэх эрсдэлийг бууруулах зорилготой.

“Баталгаат байр” мэдээллийн сан байгуулна

Улсын бүртгэлийн ерөнхий газраас E-Mongolia системд “Баталгаат байр” нэртэй цахим мэдээллийн сан нэвтрүүлэхээр ажиллаж байна. Уг санд барилгын зөвшөөрөл болон барилгын явц, орон сууцны бүртгэлтэй холбоотой мэдээллийг нэгтгэхээр төлөвлөжээ.

Ингэснээр иргэд орон сууц захиалах, худалдан авахын өмнө тухайн барилгын талаарх мэдээллийг цахимаар шалгаж, гэрээ байгуулахдаа эрсдэлээ урьдчилан үнэлэх боломжтой болно. Мөн нотариатч гэрээг гэрчлэхдээ хуульд заасан шаардлага, холбогдох бүртгэлийн мэдээллийг нягтлах нөхцөл бүрдэхээр тусгасан байна.

“Баталгаат байр” платформыг арваннэгдүгээр сарын 15-нд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд хувийн хэвшлийн аппликейшн, веб хөгжүүлэгч компаниуд уг мэдээлэлд тулгуурласан үйлчилгээ бий болгох боломжтой гэж мэдээлэв.

Иргэдийн эрхийг хамгаалах бусад хуулийг шинэчилнэ

Хэвлэлийн хурлаар иргэдийн эрхийг баталгаажуулж, хамгаалах чиглэлээр Нотариатын тухай, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай, Шүгэл үлээгчийг хамгаалах тухай, Арилжааны тухай болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиудтай холбоотой шинэчлэлийг мөн танилцууллаа.

Түүнчлэн төрийн эрх мэдлийг хязгаарлаж, хариуцлагыг нэмэгдүүлэх хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, шийдвэр гүйцэтгэгчийн эрх зүйн байдлын тухай, Зөрчлийн тухай, Иргэний болон захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Хууль бус хөрөнгийг хураах тухай хуулиудыг шинэчлэх чиглэлээр ажиллаж байгааг танилцуулсан юм.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!