Gerelnews
Post

Нийгэм

2026, 10-р сар 26}

Суурь тэтгэвэр нэмэгдэхэд та хэдийг авах вэ?

Л.АззаяаЛ.Аззаяа

2026 оны Арваннэгдүгээр сарын 1-нээс нийгмийн даатгалын сангаас болон цэргийн тэтгэвэр авдаг, 55 нас хүрсэн эмэгтэй, 60 нас хүрсэн эрэгтэй ахмадуудад одоо авч буй тэтгэвэр дээр нь нэмж суурь тэтгэвэр олгоно. Нийт 435 мянган ахмад буюу тэтгэвэр авагчдын 80 хувь нь хамрагдах тооцоотой байна.


Суурь тэтгэвэр гэж юу вэ?

Суурь тэтгэвэр гэдэг нь ахмадын одоо авч буй үндсэн тэтгэвэр дээр нэмж олгох мөнгө юм. Өөрөөр хэлбэл, одоо авч буй тэтгэврийг нь сольж, оронд нь өөр тэтгэвэр олгохгүй. Харин суурь тэтгэврийн мөнгө нэмж орсноор сарын нийт тэтгэврийн хэмжээ нэмэгдэнэ. Суурь тэтгэврийн хэмжээ хүн бүрд ижил биш. Нийгмийн даатгалын шимтгэл хэдэн жил төлсөн болон одоо авч буй үндсэн тэтгэврийн хэмжээнээс хамаарч сард 100,000–300,000 төгрөг байхаар тогтоожээ.

Тэтгэвэр хэд болж нэмэгдэх вэ?

* 27 жил шимтгэл төлж, 769,000 төгрөгийн тэтгэвэр авдаг 59 настай эмэгтэйн суурь тэтгэвэр 236,550 төгрөг байна. Ингэснээр сарын нийт тэтгэвэр нь 1,005,550 төгрөг болно.

* 43 жил шимтгэл төлж, 1,100,000 төгрөгийн тэтгэвэр авдаг 70 настай эрэгтэйн суурь тэтгэвэр 300,000 төгрөг байна. Нийт тэтгэвэр нь 1,400,000 төгрөг болно.

* 25 жил шимтгэл төлж, 3,300,000 төгрөгийн тэтгэвэр авдаг 61 настай эрэгтэйн суурь тэтгэвэр 100,000 төгрөг байна. Нийт тэтгэвэр нь 3,400,000 төгрөг болно.

Эдгээр тооцоо нь тодорхой хүмүүсийн жишээ бөгөөд ижил хэмжээний тэтгэвэр авдаг хүн бүр яг адил нэмэгдэл авна гэсэн үг биш. Нэмэгдэх мөнгө нь шимтгэл төлсөн хугацаа болон үндсэн тэтгэврийн хэмжээнээс хамаарна.

Хэн суурь тэтгэвэр авах вэ?

Нийгмийн даатгалын сангаас болон цэргийн тэтгэвэр авдаг, эмэгтэй 55 нас, эрэгтэй 60 насанд хүрсэн ахмадууд хамрагдана. Харин цэргийн алба, олон хүүхэдтэй эх байх, зарим онцлог мэргэжил болон хөдөлмөрийн нөхцөлөөр 45, 50, 55 насандаа эрт тэтгэвэрт гарсан хүмүүс суурь тэтгэврийг шууд авахгүй. Эмэгтэй 55, эрэгтэй 60 нас хүрсэн өдрөөсөө авч эхэлнэ.

Яамны тооцооллоор суурь тэтгэвэр авах ахмадуудын 85 хувь нь сард 200,000 төгрөгөөс дээш хэмжээний суурь тэтгэвэр авах бөгөөд суурь тэтгэврийн дундаж хэмжээ 224,000 төгрөг байна.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!