УИХ-ын гишүүн Ж.Баясгалан төсвийн тодотголын хүрээнд нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд олгож буй халамж, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийллээ.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон нийгмийн халамж, тэтгэмж авч буй иргэдийн орлогыг амьжиргааны доод түвшинтэй уялдуулах хэрэгтэй гэж үзэж байна. Тухайлбал, өнөөдрийн байдлаар амьжиргааны доод түвшин 543.7 мянган төгрөг байгаа бол хөгжлийн бэрхшээлтэй иргэн 484 мянган төгрөгийн тэтгэмж авч байгааг дурдлаа.
“Төсөв тодотгож байгаа бол энэ асуудлыг уялдуулах хэрэгтэй. Нийгмийн халамжийн сангаас олгодог энэ тэтгэмжийг хамгийн хүнд нөхцөлд амьдарч байгаа хүмүүстээ нэмээд өгөөч” хэмээн УИХ-ын гишүүн Ж.Баясгалан хэлэв.
Мөн нийгмийн эмзэг бүлгийн иргэдийн халамж, тэтгэмжийг нэмэгдүүлэх асуудлыг төсвийн тодотголд тусгах шаардлагатайг онцоллоо.

