Жил ирэх тусам гадаад зээл тусламжийн өр зээл нэмэгдэж, улсын төсөвт дарамт болж байна. Өнгөрсөн 2016-2026 оны хооронд улсын төсвөөс хийсэн нийт өрийн үйлчилгээний зардал 30.3 их наяд төгрөг байна. Үндсэндээ Монгол Улс гурван жилд нийт улсын төсвийнхөө гуравны нэгийг гадаад зээл тусламжийн өрөнд зарцуулж байна гэх тооцоо судалгаа гарчээ. Ирэх 2026 онд 51.2 их наяд төгрөг буюу ДНБ-тэй харьцуулбал 43.8 хувийг гадаад өр зээлийн асуудал эзэлж байгаа бол энэ тоо 2028 онд 59.5 их наяд төгрөг болж нэмэгдэх эрсдэлтэй байгааг зарим УИХ-ын гишүүд онцолж байгаа юм.
Эдгээрээс Засгийн газрыг их хэмжээний өрөнд оруулсан гадаад зээл тусламжийн нэг бол 10 аймгийн дулааны цахилгаан станц барих төсөл.
УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн өчигдөр байнгын хорооны хурлын үеэр "Өрийн удирдлагын тухай хуулиар 2023 онд Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулсны хүрээнд гадаадын зээл тусламжийн үр өгөөж, ашгийг эрэмбэлж, үр ашигтай салбарт хөрөнгө оруулалт хийдэг байх үүднээс зээлийн ил тод нээлттэй байдлыг хангах асуудлыг гаргаж тавьж байсан. Шинээр зээл авах бол нийт зээлийн хэмжээ болон эргэн төлөлт, зээлийн хуваарь зэрэг нэгтгэсэн мэдээллийг нийтэд мэдээлдэг байна гэдгийг хуулиар зохицуулсан. Энэ заалт хэрхэн хэрэгжиж байна вэ. Мөн шинээр оруулж ирж байгаа гадаад зээлээ үр нөлөөгөөр нь эрэмбэлэх аргачлал байна уу. Нөгөө талдаа өрийн удирдлагын баталгаа гаргаж байгаа, зээл тусламжаар хэрэгжиж байгаа төслүүд дээр эрсдэлийн үнэлгээг хийж чадаж байна уу. Одоо эрсдэлийн үнэлгээг хууль журамдаа тусгаагүй байдаг. Олон улсын байгууллагаас энэ зөвлөмжөө хэрэгжүүлээгүй байна гэдэг асуудлыг тавьдаг.
Үндсэндээ шалгуур үзүүлэлт болон эдийн засгийн тооцоо судалгаа, шинжилгээг зээл тусламжийн асуудал дээр нарийн хийдэг байх ёстой. Байнгын хорооны гишүүд нийт 96 төслийн мэдээллийг ирүүлсэн байна. Эдгээр нь 20 их наяд төгрөгийн зээл тусламжийн асуудал байна.
Гэтэл энэ дотор эхнээсээ бүрэн зогсож, магадгүй эрсдэлийн үнэлгээ хийгээгүйгээсээ болоод хэрэгжихгүй байх асуудал гарч байна. Жишээлбэл, 10 аймгийн дулааны цахилгаан станц барих төсөл. Сая БНСУ-ын компани нь дампуурчихсан. Нэг аймгийн дулааны станцын ажил эхлээгүй байхад л нийт зээл тусламжийн 40, 50 хувийнх нь санхүүжилт гарч, тэнд Засгийн газар зээлийнх нь хүүг төлж байна. Ийм эрсдэлтэй, дампуурсан компанийг сонгон шалгаруулж, эргээд улсын төсвөөс хор хохирлыг нь барагдуулж байгаад хэн хариуцлага хүлээх ёстой юм бэ" гэдгийг яриандаа онцолсон юм.
Энэ талаар өмнө нь Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн мэдээлэл өгөхдөө "10 аймгийн дулааны цахилгаан станц барих төсөл БНСУ-ын Экзим банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаад төслийг хэрэгжүүлж байсан "Бьюксан Инженеринг" компани 2025 оны дөрөвдүгээр сард дампуурлаа зарласан. Тус компани дампуурлын хамгаалалтад авахын тулд БНСУ-ын хуулиараа Монголын арилжааны банкуудын дампуурлын тухай хуультай ижил төстэй процесс явдаг юм байна.
Дампуурлаа зарлах ажлыг БНСУ-ын захиргааны хэргийн шүүхэд гаргаснаар тавдугаар сарын 11-нд нэг удаа шүүх хурал зарлагдсан боловч хойшилсон.
Дараагаар нь хурал нь бас зургадугаар сарын 24 болж хойшлоод одоо БНСУ-д долоо, наймдугаар сард шүүгч нар нь амардаг учраас ес, аравдугаар сард шүүхийн шийдвэр гарах болов уу гэсэн хүлээлттэй байна. Энэ шүүхийн шийдвэр гарвал энэ компани дээр бүрэн эрхт төлөөлөгч томилогдож, энэ төслийг гүйцээх үү, гүйцээхгүй юу гэдэг албан ёсны шийдвэр гаргах юм. Энэ шийдвэрийг тус улсын Экзим банк харъя гэсэн. Монголоос БНСУ-д суугаа бүрэн эрхт Элчин сайд энэ асуудалд анхаарч ажиллаж байгаа. Харамсалтай нь ийм цаг хугацааны хайчинд орсон байна" гэдгийг мэдээлж байв.
БНСУ-ын Экзим банкнаас 110 сая ам.долларын зээлээр 2019 онд эхлүүлсэн ч энэ төсөл хэрэгжиж эхлээгүй гацсан байдаг. Төслийн хүрээнд Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Завхан, Өвөрхангай, Сүхбаатар, Хэнтий, Төв аймагт дулааны станц барьж, дулааны шугам сүлжээг өргөтгөх, тоног төхөөрөмжийг нь шинэчлэхээр төлөвлөсөн бөгөөд зээл 40 жилийн хугацаатай, 0.15 хувийн хүүтэй, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 10 жил байна гэдгийг өмнө нь албаныхан мэдээлж байсан юм.