Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсан болон нэрт яруу найрагч Д.Нацагдорж, Б.Явуухулан нарын хөшөөний дэргэд байрлуулсан хүүхдийн баримлуудыг холбогдох зөвшөөрөлгүй байсан гэх үндэслэлээр албадан шилжүүлэхээр болжээ.
Тодруулбал, “Монос” ХХК нь “BACK TO SCHOOL 2026” аяны хүрээнд “Эрүүл биед саруул ухаан” уриан дор С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулан нарын хүүхэд ахуйн төрхийг дүрсэлсэн баримлуудыг бүтээж, есдүгээр сарын 2-нд дээрх хөшөөнүүдийн дэргэд байршуулсан байна. Тус компани уг ажлыг хүүхэд, залууст үлгэр дуурайл өгөх, эх орондоо хэрэгтэй сайн хүн болохыг уриалах зорилготой гэж тайлбарласан байна.
Харин Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас дээрх баримлуудыг байрлуулахдаа холбогдох байгууллагуудаас зөвшөөрөл аваагүй гэж мэдэгдэв. НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2010 оны гуравдугаар сарын 31-ний өдрийн 55 дугаар тогтоолоор баталсан “Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ын 2.1, 2.2 дахь заалтыг зөрчсөн гэж үзжээ.
Уг журмын дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт хөшөө, дурсгал байрлуулах саналыг холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэнээс албан бичгээр гаргах бөгөөд хөшөө, дурсгалын загварыг тусгай комисс хэлэлцэж, НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар шийдвэрлүүлэхээр заасан байна.
НЗДТГ-аас зөвшөөрөлгүй байрлуулсан дээрх баримлуудыг албадан шилжүүлэхийг холбогдох газруудад мэдэгдсэн байна.
Ийнхүү “Монос” ХХК-ийн хүүхэд ахуйн дүр төрхийг харуулсан бүтээлүүдийг олон нийтэд танилцуулснаас хойш нэг хоногийн дараа нийслэлийн зүгээс зөвшөөрөлгүй байршуулсан гэж үзэн шилжүүлэх шийдвэр гаргажээ.

