Gerelnews
Post

Нийгэм

2026, 6-р сар 11}

Хүн ам зүйн хэтийн төлөв тодорхойлох, бодлогын шийдвэр гаргахад НҮБ-ын хүн амын сан хамтран ажиллана

Г.Оюун-ЭрдэнэГ.Оюун-Эрдэнэ


Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга А.Даваажаргал НҮБ-ын Хүн амын сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч ноён Халид Шарифийг хүлээн авч уулзлаа.

НҮБ-ын Хүн амын сан нь Монгол Улсын Засгийн газар, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай нягт хамтран ажиллаж, хүн ам, гэр бүл, жендэрийн эрх тэгш байдал, залуучууд, эмэгтэйчүүдийн хөгжил, хамгааллын чиглэлээр бодлогын болон техникийн дэмжлэг үзүүлэн үр дүнтэй түншлэлийг бий болгож ирсэн.

Уулзалтын үеэр талууд хамтын ажиллагааны үр дүнгээ дүгнэж, цаашид хүн ам, гэр бүл, жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр түншлэлээ бэхжүүлэн өргөжүүлэх асуудлаар санал солилцов.

Төрийн нарийн бичгийн дарга А.Даваажаргал уулзалтын үеэр “Монгол Улсад төрөлт, гэрлэлтийн түвшин буурч, гэр бүл салалтын тоо өсөх хандлага ажиглагдаж байна. Үүний зэрэгцээ хүн амын насжилт нэмэгдэх, алслагдсан хөдөө орон нутаг дахь залуучуудын хөгжлийн болон жендэрийн тэгш бус байдлын асуудал зэрэг хүн ам зүйн олон сорилт тулгарч байна” хэмээн онцлоод дараах чиглэлүүдэд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Үүнд:

-Гэр бүлийн тухай хууль болон Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийг хангах, дагалдах дүрэм, журмыг боловсруулах, олон нийтэд сурталчлан таниулах, мөн ахмад настны нийгмийн хамгааллыг сайжруулах;

-Гэр бүл төлөвлөлт, нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсролын хөтөлбөрүүдийг үнэлж, шинэчлэн боловсронгуй болгох;

-Эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоог нэмэгдүүлэх, асаргаа, халамжийн хөдөлмөрийн үнэлэмжийг бодлого, төлөвлөлтөд тусгах;

-Жендэрт суурилсан болон технологийн орчин дахь хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хохирогчийг хамгаалах тогтолцоог бэхжүүлэх;

-Хөдөөгийн болон малчин эмэгтэйчүүдийн хөгжил, нийгмийн хамгааллыг дэмжих хамтарсан санаачилга, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх.

-Ноён Халид Шариф тус яамнаас дэвшүүлсэн бодлогын зорилтууд нь НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүлэх чиглэлүүдтэй бүрэн нийцэж байгааг онцолж, эдгээр санаачилгыг бүх талаар дэмжин хамтран ажиллахаа илэрхийллээ. 

Тэрбээр мөн Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хүсэлтийн дагуу хүн ам зүйн хэтийн төлөвийг тодорхойлох судалгаа, шинжилгээний ажлыг Үндэсний статистикийн хороотой хамтран хэрэгжүүлэхээр болсныг тэмдэглэв. Энэхүү судалгаа нь зөвхөн хүн амын ирээдүйн төлөвийг тооцоолохоос гадна бодлогын шийдлийг тодорхойлох, шийдвэр гаргагчдад зөвлөмж боловсруулахад чиглэнэ гэдгийг онцоллоо.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!