Монгол Улсын Засгийн газрын 108 дугаар тогтоолоор баталсан “Цахимаар нэн тэргүүнд” бодлогын зөвлөмж, үндэсний хөдөлгөөний хүрээнд Сонгинохайрхан дүүрэгт “Цахим ур чадварын хоцрогдлоос чөлөөлье” сургалтыг амжилттай зохион байгуулж, 1200 гаруй иргэнийг хамрууллаа.

Кибер аюулгүй байдал, цахим ур чадвар олгох энэхүү бүсчилсэн сургалтад дүүргийн иргэд, сурагчид, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хугацаат цэргийн албан хаагчид өргөнөөр оролцов. Оролцогчдын тоон мэдээллийг бүсчлэн харуулбал:
Толгойт бүсийн 16 хорооны 130 гаруй иргэн,
Өнөр бүсийн 16 хорооны 150 гаруй иргэн,
Баянхошуу бүсийн 11 хорооны 140 гаруй иргэн,
Зэвсэгт хүчний 017, 013 дугаар анги болон Дотоодын цэргийн 05 дугаар ангийн 300 гаруй хугацаат цэргийн албан хаагч тус тус хамрагдлаа.

Мөн дүүргийн 43 хорооны 400 гаруй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгайлсан сургалтыг зохион байгуулсан. Энэ үеэр төрийн цахим үйлчилгээг бие даан авах, “E-Mongolia” болон бусад цахим платформыг ашиглах, цахим орчин дахь эрсдэлийг таньж мэдэх, өөрийгөө хамгаалах ур чадварыг эзэмшүүлэхэд түлхүү анхаарч ажиллав.

Сургалтын үеэр иргэдэд цахим орчныг зохистой ашиглах, цахим залилан, мэдээлэл алдагдах эрсдэл, фишинг (phishing) халдлага болон хиймэл оюунд суурилсан шинэ төрлийн кибер халдлагуудын талаар бодит мэдээлэл өгсөн юм. Түүнчлэн хувийн мэдээллээ хэрхэн хамгаалах, цахим орчинд хариуцлагатай, аюулгүй ашиглах зөвлөмжүүдийг өглөө.
Сургалтын үеэр дараах сэдвүүдийн хүрээнд мэдээлэл, илтгэл танилцуулсан юм. Үүнд:
“Хиймэл оюуны гайхамшиг ба эрсдэл”
“Иргэдийн цахим оролцоо”
“Кибер аюулгүй байдлын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 5 зүйл”
Эх сурвалж: "Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам"

