“Эрдэнэс Тавантолгой” ХК болон холбогдох байгууллагуудын мэдээлснээр нас барсан иргэний эзэмшиж байсан 1072 хувьцаа, түүнд хуримтлагдсан ногдол ашгийг 2026 оны 6-р сарын 1-нээс хууль ёсны өвлөгчдөд шилжүүлэх зохицуулалт хэрэгжиж эхэлнэ.
Тус үйлчилгээ нь 2011 оноос хойш нас барсан иргэдэд хамаарах бөгөөд өвлөгчид нотариатын байгууллагаар дамжуулан хувьцаа өвлөх хүсэлтээ гаргах боломжтой юм. Үүнд нас барсны гэрчилгээ, өвлөгчийн иргэний үнэмлэх, төрөл садангийн холбоо тогтоох баримт зэрэг шаардлагатай материалыг бүрдүүлнэ.Мөн иргэд мэдээллээ шалгахдаа тусгай дугаарт регистрийн дугаараа илгээх бөгөөд регистрийн эхний хоёр үсгийг томоор, зай аваагүй бичихийг анхаарууллаа.



Хэрэв өвлөгч хэд хэдэн хүн байвал нотариатаар өв хуваарилж, хувьцаа болон ногдол ашгийг хуульд заасан хэмжээгээр шилжүүлэх юм байна. Харин хамт амьдарч байсан өвлөгчид 3 сарын дотор татгалзаагүй бол өв авсанд тооцогдох бөгөөд хамт амьдраагүй өвлөгчид 1 жилийн дотор хүсэлтээ гаргах ёстойг албаныхан санууллаа. Мөн мэдээлэл шалгасны дараа өвлөгч нь харьяа нотариатын байгууллагад хандана. Үүнд:
Нас барсны гэрчилгээ
Өвлөгчийн иргэний үнэмлэх
Төрөл садангийн холбоо тогтоох баримт
Өвлөх эрхийн хүсэлт зэрэг материал шаардагдах юм байна.
Мөн талийгаач иргэн амьд ахуйдаа хувьцаагаа шилжүүлсэн эсэх, үлдэгдэл байгаа эсэхийг системээр шалгах боломжтой аж. Албаныхан “1072 хувьцааг өвлүүлэх боломжгүй” гэх ташаа ойлголтыг залруулж, хууль эрх зүйн болон техникийн бэлтгэл бүрэн хангагдсан гэдгийг онцолсон юм.

