Энэ жилийн илтгэлийг зургаан бүлэг сэдвийн хүрээнд бэлтгэж, хүний эрхийн асуудлаар шийдвэр гаргуулахаар 60 саналыг ирүүлсэн тухай Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, доктор Д.Сүнжид танилцуулгадаа дурдлаа.
Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал, Илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Энхнасан, Д.Энхтүвшин, А.Ариунзаяа, П.Сайнзориг, Х.Баасанжаргал. Б.Уянга, С.Эрдэнэбат, Д.Бум-Очир, О.Батнайрамдал, Л.Мөнхбаясгалан, Д.Ганмаа, Б.Хэрлэн, О.Номинчимэг, Ж.Золжаргал нар нар асуулт асууж, хариулт авахын зэрэгцээ тэд энэ удаагийн 25 дугаар илтгэл сайн болсныг онцолж байлаа.
Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Л.Энхнасан илтгэлийн хүрээнд жендерийн асуудалд эрчүүдийн эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлыг хөндсөнд талархал илэрхийлээд өнөөдөр монголд амиа хорлох үзүүлэлт өндөр байгаа тул тайланд үүнээс урьдчилсан сэргийлэх төлөвлөгөө боловсруулахаар тусгасан ч батлагдаагүй байгаа шалтгааныг тодруулав. Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбаяр хариултдаа, амиа хорлохоос урьдчилан сэргийлэх төлөвлөгөөг салбар дундын байдлаар боловсруулахаар ажлын хэсэг ажиллаж байна гэлээ.
Харин Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа Улсын Их Хурлын Тамгын газрын Хяналт шалгалтын газраас 2018-2024 оны хооронд Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл хэлэлцсэнтэй холбогдуулан баталдаг Улсын Их Хурлын тогтоол шийдвэрийн хүрээнд хяналт, үнэлгээ хийхэд хэрэгжилт 35.2 хувьтай байна. Иймд хэрэгжилтийг сайжруулах, эрчимжүүлэх асуудалд Улсын Их Хурал онцгой анхаарах шаардлагатай гэж байлаа. Мөн Хүний эрхийн Үндэсний Комиссын зөвлөмж үүргийг биелүүлээгүй хүмүүст хариуцлага тооцуулах саналыг Улсын Их Хуралд оруулах одоо хүртэл оруулж ирүүлэхгүй байгаад анхаарах нь чухал гэв.
Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргал Улаанбаатар хотын удирдлагаас гэр хорооллын 180 мянган иргэнийг нүүрсээ авахын тулд зөвхөн нэг аппликэйшнийг татах асуудлыг тулгасантай холбогдуулан иргэд тус комисст гомдол хүргүүлснийг дурдаад үүнтэй холбогдуулан ХЭҮК-ийн шийдвэр зөвлөмжийг хэрэгжүүлээгүй асуудалд хэнд хэзээ, ямар хариуцлага тооцохоор санал хүргэснийг тодруулав.
Тухайн аппликэйшнийг татахад иргэдээс гурван төрлийн мэдээлэл шаардсан. Иргэд цахим хаягаараа гар утсаар бүртгэл хийсний дараа ДАН системээр танин баталгаажуулж, улмаар цалин орлого, албан тушаалаа бичиж байж нүүрс авах мэдээллийн сан үүсгэж байсан. Энэ дагуу бид зөрчлийг арилгуулахаар нийслэлд албан шаардлага өгсөн. Хариу авах хугацаа хараахан болоогүй байна хэмээн ажлын хэсгээс хариулав. Мөн хүний хувийн мэдээлэл эмзэг мэдээллийг задалсантай холбоотойгоор зөвлөмж, шаардлагын хүрээнд зарим албан тушаалтнуудад сахилгын болон сануулах арга хэмжээнүүдийг авсан гэж байлаа.
Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ
Үргэлжлүүлэн “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Энэ талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Хууль зүйн байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.7 дахь заалтад заасны дагуу "Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан бөгөөд Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо болон Хүний эрхийн дэд хорооноос илтгэл хэлэлцсэнтэй холбогдуулан гаргасан санал, дүгнэлтээ Хууль зүйн байнгын хороонд ирүүлснийг хэлэлцэн, Байнгын, дэд хорооноос гаргасан саналыг Улсын Их Хурлын тогтоолын төсөлд тусгаж чуулганы нэгдсэн хуралдаанд оруулах нь зүйтэй гэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзсэн гэж байлаа.
Тогтоолын төсөл батлагдсанаар хүүхэд хамгаалал, иргэний эрүүл мэндээ хамгаалуулах эрх, мэдээлэл авах эрх, хүний эрх хамгаалагчийн эрхийн баталгаа, жендэрийн эрх тэгш байдал зэрэг асуудлаар цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох, төрийн байгууллагын уялдаа, хариуцлагыг сайжруулах, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой. Түүнчлэн тогтоолын хэрэгжилтийг үнэлэх шалгуур үзүүлэлтийг хавсралтаар баталснаар хэрэгжилтийн үр дүнг бодитой үнэлэх, хяналт-шинжилгээ хийх, төрийн байгууллагын хариуцлагыг нэмэгдүүлэх нөхцөл бүрдэнэ гэж үзлээ. Мөн өмнөх жилүүдэд Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлтэй холбогдуулан баталсан Улсын Их Хурлын тогтоолуудын хэрэгжилт хангалтгүй байгаатай холбогдуулан хяналт шалгалтыг эрчимжүүлэх, хэрэгжилтийг хангуулах талаар тусгасан нь хүний эрхийг хангах чиглэлээр Улсын Их Хурлаас гаргасан шийдвэрийн хэрэгжилт, үр нөлөөг бодитой үнэлэх, хэрэгжилтэд тулгарч байгаа хүндрэл, шалтгааныг тодорхойлох, хүний эрхийн асуудлаар гаргасан шийдвэрийн тасралтгүй, үр дүнтэй хэрэгжилтийг хангах ач холбогдолтой гэдгийг танилцуулгадаа онцолсон.

“Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн гэдгийг тодотголоо.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа үг хэлсний дараа уг тогтоолын төслийг батлах эсэх санал хураалтыг маргаашийн чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулахаар болов. гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Эх сурвалж: Хүний эрхийн үндэсний комисс

