Засгийн газрын /2026.05.20/ ээлжит хуралдаанаар“Байдрагийн усан цахилгаан станц” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ.
“Байдрагийн усан цахилгаан станц” төслийн ТЭ3Ү-д бүтээн байгуулалтын ажлыг 2026-2030 онд гүйцэтгэх, 2030-2055 онд ашиглалт болон урсгал засвар үйлчилгээг хийж хүлээлгэн өгөх нөхцөлөөр 25 жилийн хугацаатай төлөвлөжээ.
Баянхонгор аймгийн Бөмбөгөр, Бууцагаан сумдын нутагт, Байдраг гол дээр баригдах тус станц 30 МВт хүчин чадалтай байхаар төлөвлөсөн гэдэг. Төслийг байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийх, зураг төсөл боловсруулах, барьж байгуулах, ашиглах, төрд шилжүүлэх шат дараалалтайгаар хэрэгжүүлэх аж. Мөн Сүхбаатар аймагт байгуулах “Хөнгөн цагааны аж үйлдвэрийн парк” төсөл хөрөнгө оруулагч талтай хэлэлцээрийн шатанд үргэлжилж байгаа, гангийн үйлдвэрийн нээлттэй сонгон шалгаруулалтад оролцогчдын хүсэлтийг авч дууссан болохыг ЗГ мэдээлэв.
Төсөл хэрэгжсэнээр төвийн бүсийн эрчим хүчний системийн суурилагдсан хүчин чадал болон эрчим хүчний үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэнэ. Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр буюу усан цахилгаан станц нь нийгмийн болон иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, усан цахилгаан станцаас эрчим хүч үйлдвэрлэснээр хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэх ач холбогдолтой юм.

