Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын нэг нь Монгол хэлний хэрэгжилтийн тухай хуулийн талаар байлаа. 2017 оны байдлаар 319 газар усны нэрийг тува, казах зэрэг хэлээр нэрлэсэн байсныг болиулж нэгдсэн байдлаар монгол хэлээр нэрлэх хэрэгтэй гэсэн асуудлыг хөндсөн юм.
Үндсэн хуульд зааснаар Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй тохиолдолд заавал монгол хэлээр газар ус албан хаягийг бичиж, нэрлэнэ гэж заасан байдаг. Энэхүү заалт зөрчигдөж байна гэж үзэж байгаа юм.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн хэлж буйгаар Улаанбаатар хотод сөүлийн гудамж, туркийн нэрэмжит гудамж гээд гадаад нэршилтэй газрууд байна. Тэгэхээр энэ нэршлүүдийг цаашдаа яах вэ, монгол хэлийг хэрэглэх тухай хууль хэрхэн хэрэгжих юм бэ гэлээ. Гэхдээ Газрын харилцаа, геодиз зурагзүйн газрын мэргэжилтний тайлбарласнаар гудамж болон хаягжилтийн нэр бол нийслэлийн ИТХ-ын түвшинд шийддэг гэсэн тайлбар өглөө. Мөн хаягжуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг удахгүй хэлэлцүүлнэ гэдгийг хуралдаан дээр хэллээ. Зургаан аймаг дээр газарзүйн нэрийг гадаад нэрээр нэрлэсэн эсэхийг судалж үзсэн. Хамгийн их буюу 319 нэршил Баян-Өлгий аймагт байгаа нь тогтоогдсон. Баян-Өлгий аймаг багуудын нэрийг казах хэлээр нэрлэсэн байсныг болиулсан. Өөр аймагт ч мөн төстэй зөрчил илэрч байгаа. Тиймээс газарзүйн нэгдсэн мэдээллийн санд уг мэдээллүүдийг оруулж нэршлийг өөрчлүүлэх залруулах талаар ажиллаж байна гэсэн тайлбарыг Газрын харилцаа геодиз зурагзүйн газрын мэргэжилтэн тайлбарласан юм.

