Монгол орны баруун өмнөд нутгийн хөрснөөс 500 гаруй төрлийн мөөгөнцөр илрүүлсний дийлэнх нь шинжлэх ухаанд өмнө нь танигдаагүй байжээ. Эдгээр мөөгөнцөр нь говь, хээрийн ургамлыг байгалийн эрс тэс нөхцөлд ургаж, амьдрахад дэмжлэг үзүүлдэг бөгөөд бэлчээрийн доройтол, цөлжилттэй тэмцэхэд чухал ач холбогдолтой байж болзошгүйг олон улсын шинжлэх ухааны нэр хүндтэй Nature сэтгүүл 2026 оны Арваннэгдүгээр сарын 10-нд онцлон мэдээллээ.
Монголын ургамал, мөөгөнцрийн экологийн судлаач, доктор О.Бүрэнжаргал болон Нидерландын Амстердамын Чөлөөт их сургуулийн эрдэмтэн, доктор Тоби Кирс (Toby Kiers) нар 2024, 2025 онд Монголын говь, хээрийн бүс нутагт хээрийн судалгаа хийжээ. Судалгааны хүрээнд шинжилсэн мөөгөнцрийн ДНХ-ийн дарааллын 90 орчим хувь нь шинжлэх ухаанд өмнө нь огт танигдаагүй микоризын мөөгөнцөрт хамаарч байсныг тогтоосон байна.
Микоризын мөөгөнцөр нь ургамлын үндэстэй харилцан ашигтай хам амьдрал үүсгэдэг. Ингэхдээ хөрснөөс азот, фосфор зэрэг шим тэжээлийг авч ургамалд дамжуулдаг бол ургамлаас өөрийн амьдралын үйл ажиллагаанд шаардлагатай нүүрстөрөгчийн нэгдлүүдийг авдаг. Энэхүү харилцан үйлчлэл нь ургамлын өсөлт, хөрсний тогтвортой байдал, биологийн олон янз байдлыг хадгалахад чухал үүрэгтэй байна.
Судалгаагаар Монголын доройтсон газарт микоризын мөөгөнцрийн зүйлийн тоо доройтоогүй газартай харьцуулахад хамгийн багадаа 44 хувиар, ургамлын бүрхэц 60 хувиар бага байгааг тогтоожээ.
Одоогоор эрдэмтэд бэлчээрийн тодорхой хэсгийг хашиж хамгаалан, малын бэлчээрлэлтийн нөлөөг бууруулснаар хөрсөн дэх мөөгөнцрийн олон янз байдал болон ургамлын бүрхэц сэргэх боломжтой эсэхийг судалж байна.
Судалгааны үр дүн нь Монгол орны бэлчээрийг нөхөн сэргээх, цөлжилттэй тэмцэх, байгалийн биологийн олон янз байдлыг хамгаалах арга хэмжээнд хөрсөн дэх ашигтай мөөгөнцрийг хамгаалах асуудлыг тусгах шинжлэх ухааны үндэслэл болж байна.

