Gerelnews
Post

Эрүүл мэнд

2026, 11-р сар 25}

Тосонд шарсан төмс их хэрэглэдэг хүмүүсийн чихрийн шижингээр өвчлөх эрсдэл өндөр байна

Админ сэтгүүлчАдмин сэтгүүлч

Төмсийг ямар аргаар боловсруулж хэрэглэхээс шалтгаалан эрүүл мэндэд үзүүлэх нөлөө нь ялгаатай байдаг.


Төмс нь кали, С аминдэм, нүүрс ус, хүнсний эслэг агуулдаг ч тосонд шарсан төмс их хэрэглэдэг хүмүүсийн чихрийн шижин хэвшинж 2-оор өвчлөх эрсдэл харьцангуй өндөр байгааг судалгаагаар тогтоожээ.

Харвардын их сургуулийн судлаачид 1984–2021 онд цуглуулсан 205 мянга гаруй хүний хооллолт, эрүүл мэндийн мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн байна. Судалгаагаар долоо хоногт хэрэглэх тосонд шарсан төмсний хэмжээ гурван порцоор нэмэгдэх тутам чихрийн шижин хэвшинж 2-оор өвчлөх эрсдэл 20 хувиар өндөр байжээ. Харин чанасан, нухсан болон зууханд болгосон төмс хэрэглэдэг хүмүүсийн хувьд чихрийн шижин хэвшинж 2-оор өвчлөх эрсдэл нэмэгдсэн нь тогтоогдоогүй байна. Уг судалгааны үр дүнг 2025 оны Наймдугаар сарын 6-нд Их Британийн анагаах ухааны The BMJ сэтгүүлд нийтэлжээ.

Түүнчлэн Их Британийн хоол тэжээлийн мэргэжилтэн Роб Хобсон (Rob Hobson) төмсийг шарахдаа хальстай нь том хэрчиж, бага хэмжээний тос хэрэглэхийг зөвлөжээ. Төмсийг хальстай нь хэрэглэх нь хүнсний эслэгийн хэрэглээг нэмэгдүүлдэг. Харин нарийн хэрчсэн төмс нь том хэрчсэн төмстэй харьцуулахад тосонд хүрэх гадаргуу ихтэй тул шарах явцад илүү их тос шингээх хандлагатай байдаг. Мөн амтат төмсийг их хэмжээний тосонд шарж хэрэглэхэд илчлэг, өөх тосны агууламж нэмэгддэг учраас энгийн төмснөөс эрүүл сонголт болохгүйг онцолжээ.

Иймд төмсийг өдөр тутмын хоол хүнсэндээ хэрэглэхдээ чанах, жигнэх, бага хэмжээний тосоор зууханд болгох нь зохистой. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага ч өөх тосны хэрэглээг багасгахын тулд хүнсийг тосонд шарахын оронд чанаж, жигнэж хэрэглэхийг зөвлөдөг.

Эх сурвалж: The BMJ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!