Gerelnews
Post

Эдийн засаг

2026, 11-р сар 23}

Хань ижлээсээ санхүүгийн мэдээллээ нуух нь гэр бүл салалтад нөлөөлж байна

Админ сэтгүүлчАдмин сэтгүүлч

Гэр бүл салалтын шалтгаан зөвхөн хайр сэтгэлийн харилцаа, үзэл бодлын зөрчил бус, хань ижлээсээ санхүүгийн мэдээллээ нуух явдалтай холбоотой байгааг мэргэжилтнүүд анхааруулж байна.


Өр зээлээ нуун дарагдуулах, хамтрагчдаа мэдэгдэлгүйгээр их хэмжээний мөнгө зарцуулах, нууц данс нээх, мөрийтэй тоглоомд мөнгө алдах зэрэг үйлдэл нь гэр бүлийн итгэлцлийг алдагдуулж, салалтад хүргэх эрсдэлтэй аж. Үүнийг олон улсад financial infidelity буюу санхүүгийн асуудлаар итгэл эвдэх үйлдэл хэмээн нэрлэдэг. АНУ-ын The Wall Street Journal сонин Дөрөвдүгээр сарын 19-нд нийтэлсэн мэдээлэлдээ санхүүгийн нууц болон худал мэдээллээс үүдэлтэй маргаан гэр бүлийн харилцаанд хэрхэн нөлөөлж, улмаар салалтад хүргэж байгааг бодит жишээгээр хөнджээ.

АНУ-ын санхүүгийн мэдээлэл, зөвлөгөөний Bankrate байгууллагын 2026 оны судалгаагаар америкчуудын 43 хувь нь хамтрагчаасаа санхүүгийн мэдээллээ нуухыг хайр сэтгэлийн харилцаандаа үнэнч бус байдал гаргасантай адил эсвэл түүнээс ч ноцтой үйлдэл гэж үзсэн байна. Түүнчлэн гэрлэсэн болон хамтран амьдардаг хүмүүсийн 45 хувь нь нэгнийхээ санхүүгийн байдлыг бүрэн мэддэггүй гэж хариулжээ. Судалгаанд хамрагдсан, хосын харилцаатай иргэдийн 25 хувь нь бага хэмжээний өр, орлого, зарлагын мэдээллээ, есөн хувь нь их хэмжээний өр, орлого, зарлагаа хамтрагчаасаа нуудаг гэж мэдэгдсэн байна. Судалгааг 2025 оны Арванхоёрдугаар сард АНУ-ын 2564 насанд хүрсэн иргэнийг хамруулан явуулжээ.

Энэ асуудал зөвхөн АНУ-н асуудал биш бөгөөд бусад оронд ч ажиглагддаг. Их Британийн Weightmans хуулийн фирмийн 2000 хүнийг хамруулсан судалгаагаар оролцогчдын 17 хувь нь хамтрагч нь өр зээлийнхээ талаар худал хэлж байсан, 12 хувь нь нууцаар мөрийтэй тоглож байсан гэж хариулжээ. Мөн оролцогчдын 20 хувь нь хамтрагч нь санхүүгийн мэдээллээ санаатайгаар нуусан тохиолдолд харилцаагаа дуусгах магадлалтай гэж хариулсан байна. Харин Австралийн Finder байгууллагын 2025 оны судалгаанд хамрагдсан хосын харилцаатай хүмүүсийн 27 хувь нь хамтрагчдаа мэдэгдэлгүй өр тавих, банкны данс нээх, мөрийтэй тоглох зэрэг санхүүгийн үйлдэл хийснээ хүлээн зөвшөөрчээ.

Мэргэжилтнүүдийн тайлбарласнаар санхүүгийн мэдээллээ нуун дарагдуулах нь зөвхөн мөнгөн алдагдал үүсгээд зогсохгүй, хамтын ирээдүйгээ төлөвлөх боломж, харилцан итгэлцэлд сөргөөр нөлөөлдөг байна. Гэхдээ тусдаа данстай байх нь өөрөө итгэл эвдсэн үйлдэл биш бөгөөд хосууд харилцан тохиролцож, өр зээл, томоохон зарлага, хуримтлалын талаар нээлттэй ярилцах нь чухал аж.

Эх сурвалж: The Wall Street Journal

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!