Gerelnews
Post

Эдийн засаг

2026, 3-р сар 04}

Сэтгүүлчдэд зориулсан "Төрийн өмчит уул уурхайн компанийг сурвалжлах нь" гарын авлага гарлаа

AdminAdmin

"Монголын эдийн засгийн сэтгүүлчдийн клуб" ТББ-аас НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн "Интегра" төслийн дэмжлэгтэйгээр "Төрийн өмчит уул уурхайн компанийг сурвалжлах нь" түлхүүр үгтэй гарын авлагыг бэлтгэн гаргалаа.


Тус бүтээлд “Нүүрсний хулгай”, “оффтейк гэрээ”, “ТӨК-ийн худалдан авалт”, “Төсвийн шинжтэй зарцуулалт”, “нээлттэй өгөгдөл”, “шүгэл үлээгчтэй ажиллах нь” гэх зэрэг 40 гаруй түлхүүр үгээр Монголын төрийн өмчит компанийн талаарх ойлголт мэдлэг, сурвалжлах арга зүйг багтааснаараа онцлогтой юм.
 
Улсын төсөв, валютын ханш, гадаад худалдаа гээд эдийн засгийн үндсэн бүтцүүдэд чухал нөлөө үзүүлдэг төрийн өмчит компаниудын үйл ажиллагааг мэдлэгт суурилсан шинэлэг арга барилаар сурвалжлах нь байгалийн баялгийн засаглалд хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн хяналтыг сайжруулж, олон нийтийн мэдэх эрхийг бодитой хангах давуу талтай.
 
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Монгол Улсад хэрэгжүүлж буй эрдэс баялгийн менежмэнтэд шударга байдлыг бэхжүүлэх “Интегра” санаачилгын тэтгэлэгт төсөлд “Монголын эдийн засгийн сэтгүүлчдийн клуб” ТББ өнгөрсөн жилийн долдугаар сард хамрагдан сэтгүүлчдийг чадавхжуулах шат дараатай үйл ажиллагааг хэрэгжүүлээд байгаа юм.
Тухайлбал, эдийн засгийн чиглэлээр мэргэшиж буй гишүүн сэтгүүлчдээ төрийн өмчит уул уурхайн компаниудын ил тод байдал, засаглалын талаар мэдлэг ойлголт өгөх, түүнтэй холбоотой сэдвийг сурвалжлахад шаардлагатай ур чадвар олгох сургалтыг өнгөрсөн есдүгээр сард зохион байгуулжээ. Сургалтын үр дүнд хөтөлбөрт хамрагдсан сэтгүүлчид багаараа төрийн өмчит уул уурхайн компаниудын засаглалын сэдвээр нээлттэй мэдээлэл ашиглан цуврал бүтээл туурвисан.
 
Гарын авлага нь энэхүү тэтгэлэгт төслийн нэг бүрэлдэхүүн үйл ажиллагаа бөгөөд “Монголын эдийн засгийн сэтгүүлчдийн клуб”-ын сэтгүүлчид өөрсдийн ажлын арга барил, мэдлэгтээ тулгуурлан төрийн өмчит компанийг сурвалжлах практикаа хуваалцсан бүтээл юм.
 
Эх сурвалж: Монголын Эдийн засгийн сэтгүүлчдийн клуб
 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!