Монголын цемент үйлдвэрлэгчдийн ассоциаци ГҮТББ-аас тавдугаар сарын 8-нд “Cement Expo 2026” форумыг хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна.
Энэ жилийн форум “Тогтвортой өсөлт-Үйлдвэрлэл ба логистикийг холбох нь” сэдвийн хүрээнд өрнөх бөгөөд Монгол Улсын дэд бүтцийн хөгжил, үйлдвэрлэлийн хүчин чадал, тээвэр ложистикийн уялдаа холбоонд тулгамдаж буй асуудлуудыг хөндөнө.
Тус арга хэмжээ нь дотоодын цемент үйлдвэрлэлийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, логистик болон дэд бүтцийн хөгжлийн шийдлүүдийг хэлэлцэх зорилготой бөгөөд өнгөрсөн оноос эхлэн салбарын гол төлөөллүүд хамтран зохион байгуулж иржээ.
Цемент нь эрчим хүч, автозам, төмөр зам зэрэг дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтын үндсэн түүхий эд бөгөөд Монгол Улсын хөгжлийн эрчимтэй өсөлттэй зэрэгцэн чанартай, тогтвортой нийлүүлэлтийн хэрэгцээ нэмэгдэж байгаа юм. Иймээс форум нь зөвхөн үйлдвэрлэл бус логистикийн сүлжээг сайжруулах бодит гарц, шийдлийг эрэлхийлэх талбар болох юм.
Форумын онцлох хэсгийн нэг нь “Ногоон цемент – Ногоон санхүүжилт” сэдэвт хэлэлцүүлэг бөгөөд байгальд ээлтэй технологи, нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах үйлдвэрлэлийн шинэ шийдэл, тогтвортой санхүүжилтийн боломжуудыг хэлэлцэнэ.
Мөн “Cement Expo 2026” нь зөвхөн хэлэлцүүлгийн талбар бус, салбарын байгууллагуудын үзэсгэлэн, шинэ технологи танилцуулга, бизнес networking хийх өргөн боломжийг оролцогчдод олгоно.
Хаана: MPM Event Hall, Улаанбаатар
Хэзээ: 2026 оны тавдугаар сарын 8-ны 13:00–18:00 цаг
Холбоо барих: 99145278, 88585303