Gerelnews
Post

Нийгэм

2026, 11-р сар 11}

Шөнийн цэнгээний газар, ресторан, зочид буудал, амралтын газрын татварыг ирэх оноос нэг хувь болгоно

Л.АззаяаЛ.Аззаяа

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит IX хуралдаанаар нийслэл хотын албан татварын хувь хэмжээг бууруулах тогтоолын төслийг хэлэлцэн баталжээ. Ингэснээр баар, ресторан, зочид буудал, амралтын газар болон автомашин угаалга, авто засварын үйлчилгээний татварыг 2027 оны Нэгдүгээр сарын 1-нээс хоёр хувиас нэг хувь болгон бууруулахаар боллоо.


2023 оноос хоёр хувийн татвар мөрдөж эхэлсэн

Нийслэл хотын албан татварын тухай хууль 2015 оны аравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Тухайн үед нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй баар, ресторан, зочид буудал, амралтын газрын үйлчилгээ болон согтууруулах ундаа, тамхины жижиглэнгийн худалдаанд нэг хувийн татвар ногдуулж байв.

Харин 2021 оны Долоодугаар сарын 7-нд хуульд өөрчлөлт оруулж, нийслэлийн албан татварын хувь хэмжээг тогтоох дээд хязгаарыг хоёр хувь болгон нэмэгдүүлсэн. Улмаар НИТХ-ын 2023 оны Арванхоёрдугаар сарын 5-ны өдрийн 124 дүгээр тогтоолоор дээрх үйлчилгээ болон тамхи, согтууруулах ундаанд ногдуулах татварыг хоёр хувь болгож тогтоосон байна. Мөн автомашин угаалгын газар, авто үйлчилгээний байгууллагуудыг 2021 онд татвар ногдох үйлчилгээний төрөлд нэмж оруулжээ.

Ирэх оноос 6 төрлийн үйлчилгээний татвар буурна

Шинэ зохицуулалтаар зургаан төрлийн үйлчилгээний татварыг 50 хувиар бууруулж, нэг хувь болгоно. Үүнд:

* Баар, шөнийн цэнгээний газар

* Ресторан

* Зочид буудал

* Амралтын газар

* Автомашин угаалгын газар

* Авто засвар, үйлчилгээ багтаж байна.

Харин автомашин угаалгын газрын татварыг усны хэрэглээнээс хамааруулан ялгаатай тогтоожээ. Саарал ус ашигладаг бол нэг хувь, цэвэр ус ашигладаг бол хоёр хувийн татвар төлнө.

Тамхи, согтууруулах ундааны татвар хэвээр үлдэнэ

Бүх төрлийн тамхи, тэдгээрийн дагалдах хэрэгсэл болон согтууруулах ундаанд ногдуулж буй хоёр хувийн албан татварыг өөрчлөхгүй. Харин цаашид дотоодод нэмүү өртөг шингээн үйлдвэрлэдэг эдгээр бүтээгдэхүүний татварын хувь хэмжээг эргэн харахаар байгааг хотын дарга Б.Пүрэвдагва мэдээлжээ.

Ийнхүү 2027 оны Нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжих өөрчлөлтөөр нийслэлийн үйлчилгээний зургаан төрлийн татварын ачаалал буурах юм.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!