Gerelnews
Post

Нийгэм

2026, 11-р сар 11}

Шатахууны хомсдол: Импортын хэмжээ хэрэглээний өсөлтийг гүйцэхгүй байна

Л.АззаяаЛ.Аззаяа

Шатахуун импортлогч нэгэн компанийн зүгээс шатахууны хомсдол, нийлүүлэлт, үнийн өсөлт болон ШТС-үүдийн борлуулалттай холбоотой асуудлаар тайлбар өгчээ. Тус компанийн мэдээлснээр Монгол Улсын АИ-92 бензиний хэрэглээ өссөн ч ОХУ-аас нийлүүлж буй хэмжээ өмнөх гэрээний нөхцөлд тулгуурлаж байгаа нь нийлүүлэлтийн зөрүү үүсгэж байна.


ШТС-ууд шатахууны үлдэгдлээ бүрэн шавхаж борлуулах боломжгүй

Шатахуун түгээх станцууд үлдэгдэлтэй атлаа борлуулалт хийхгүй байна гэх шүүмжлэлд тайлбар өгөхдөө шатахууны саванд ашиглах боломжгүй тодорхой хэмжээний үлдэгдэл байдаг гэв. Тодруулбал, сав бүрд 2000-3000 гаруй литр шатахуун үлддэг бөгөөд үүнийг бүрэн шавхаж ажиллуулах нь тоног төхөөрөмжид сөрөг нөлөөтэй гэжээ.

Мөн орон нутгийн ШТС-үүдэд үлдсэн нөөцөө хэрхэн борлуулах талаар аймаг, сумын удирдлагуудаас хүсэлт ирүүлдэг байна. Тухайлбал, замын зорчигчид тухайн орон нутгийн шатахууны нөөцийг бүрэн авч дуусгах эрсдэлтэй тул байгаа нөөцөө хуваарийн дагуу борлуулах хүсэлт тавьдаг аж.

Монгол Улсын АИ-92 бензиний хэрэглээ 75-85 мянган тоннд хүрчээ

Нийлүүлэлтийн асуудлын тухайд ОХУ-ын “Роснефть” компанитай байгуулсан гэрээнд сар бүр нийлүүлэх АИ-92 бензиний хэмжээг 50 мянган тонн орчим байхаар тохирсон бөгөөд энэ тоо нь 10 гаруй жилийн өмнөх хэрэглээнд үндэслэсэн гэж импортлогч компанийн зүгээс тайлбарлав.

Тухайн үед Монгол Улсын хэрэглээнд тохирч байсан уг хэмжээг сүүлийн жилүүдэд захиалгын дагуу 70-90 мянган тоннд хүргэж нийлүүлдэг байсан бол одоо 50-60 мянган тонн болж буурсан байна. Гэтэл өнөөдрийн байдлаар Монгол Улсын АИ-92 бензиний сарын ердийн хэрэглээ 75-85 мянган тонн болж өсжээ. Ингэснээр нийлүүлж буй хэмжээ болон дотоодын хэрэглээний хооронд зөрүү үүсэж байгаа аж.

Түүнчлэн арваннэгдүгээр сарын 10-ны өдрийн байдлаар тухайн сарын захиалгын ердөө 15 хувь нь ачигдсан тухай мэдээлэлтэй байгаагаа дурджээ. Сарын эхний гуравны нэг өнгөрөхөд захиалгын 30 орчим хувь нь ачигдсан байх нь нийлүүлэлтийн хувьд харьцангуй боломжийн үзүүлэлт болох байсныг тайлбарласан байна.

Евро-5 АИ-92-ын борлуулалт бага байгаа нь үнийн зөрүүтэй холбоотой

АИ-92 бензиний нийлүүлэлтийн дутагдлыг нөхөх зорилгоор импортын компаниуд Евро-5 стандартын АИ-92 бензинийг БНХАУ болон ОХУ-аас авчирч, нийт хэрэглээний 10-20 хувьд хүргэх хэмжээтэйгээр ШТС-үүдэд нийлүүлсэн гэжээ.

Гэвч Евро-5 шатахууны өртөг өндөр учраас үнэ нь энгийн АИ-92-оос өндөр байдаг. Үүний улмаас хэрэглэгчид хямд үнэтэй шатахууныг илүү сонгож, Евро-5-ын борлуулалт харьцангуй бага байгаа нь нөөц үлдэх шалтгаан болж байгааг тайлбарлав. Мөн энгийн АИ-92 бензинийг Евро-92 гэж нэрлэн худалдаалах боломжгүй бөгөөд шатахууны төрөл, стандартын шаардлага зөрчигдөх эрсдэлтэйг онцолжээ.

АИ-92 бензиний үнэ 38 хувиар өссөн

 Шатахууны үнийг импортын өртгийн өсөлттэй уялдуулан нэмсэн бөгөөд үнийг нугалж өсгөөгүй гэж импортлогч компанийн зүгээс тайлбарласан байна. Тухайлбал, АИ-92 бензиний үнэ литр тутамд 2590 төгрөг байснаас 3600 төгрөг болж, 38 хувиар өсжээ. Харин дизель түлшний импортын үнэ 705 ам.доллараас 800, 873 ам.доллар болж, улмаар 1070 ам.долларт хүрсэн байна.

Үнийн зохицуулалтын хувьд төрөөс жижиглэнгийн үнийг тогтоодог учраас компаниуд олон улсын зах зээл дээр өндөр үнэтэй байгаа шатахууныг импортолж, өртгөө үнэд шингээх боломж хязгаарлагдмал байдаг гэж үзжээ.

Шатахууны үнийг чөлөөлж, нөөцийн багтаамжийг нэмэгдүүлэх шаардлагатай

Шатахууны нийлүүлэлтийн асуудлыг улс төртэй холбон тайлбарлахаас илүүтэй гадаад зах зээлээс хамаарах хамаарлыг бууруулах шаардлагатайг мөн дурдсан байна.

Цаашид дотоодын газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулах, шатахууны нөөцийн савны багтаамжийг нэмэгдүүлэх, үнийн зохицуулалтыг өөрчлөх шаардлагатай гэж үзжээ. Түүнчлэн нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулж, иргэдийн автомашины хэрэглээг зохистой түвшинд хүргэх нь шатахууны хэрэглээг бууруулах нэг арга болохыг онцолсон байна. Харин шатахууны хомсдол зориудаар бий болгохын тулд вагон татан авалтаа саатуулсан гэх мэдээллийг үгүйсгэж, ийм үйлдэл гаргаагүй гэж тайлбарлажээ.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!