Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын нэгдүгээр улирлын амралт Арваннэгдүгээр сарын 2-8-ны өдрүүдэд үргэлжилж байгаатай холбогдуулан эцэг эх, асран хамгаалагчдад хүүхдийг ахуйн осол, гэмтэл, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.
Боловсролын яамнаас сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралт эхлэхтэй холбогдуулан гаргасан зөвлөмжид хүүхдэд тавих хараа хяналт, анхаарал, халамжаа сулруулахгүй байхыг эцэг эх, асран хамгаалагчдад анхааруулжээ.
Тус зөвлөмжид бага насны хүүхдийг өндөр сандал болон авирсан зүйл дээр ганцааранг нь үлдээхгүй байх, цонхны түгжээг хүүхэд өөрөө онгойлгохооргүй болгох, хамгаалалтын тор хийх, цонхны тавцан руу авирч гарах боломжтой эд зүйлсийг холдуулахыг зөвлөсөн байна. Мөн хүүхдийг орноос унаж бэртэхээс сэргийлж зориулалтын ор хэрэглэх, орны захад унтуулахгүй байх, шаардлагатай тохиолдолд хамгаалалтын хаалт хийхийг зөвлөжээ.
Түүнчлэн бага насны хүүхэд үлгэрийн баатрыг дуурайн өндрөөс үсрэх, харайх эрсдэлтэй тул ийм үйлдэл бодит амьдралд аюултай гэдгийг хүүхдэд ойлгуулах шаардлагатайг онцолсон байна. Нүхэн жорлонд хүүхэд унахаас сэргийлж түгжээ хийх, хаалгыг байнга хааж хэвшихийг мөн анхааруулжээ.
Иймд эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ чөлөөт цагийг хэрхэн өнгөрүүлж байгаад анхаарч, гэрийн орчинд аюулгүй байдлыг нь хангахыг зөвлөж байна.
Эх сурвалж: Боловсролын яам

